Хар айдсын дундах цагаан эв нэгдэл
Өвлийн олимпийн 22 дугаар наадам хойд хөршийн Кавказын нурууны хойд энгэр дэх Сочи хотноо маргааш эхэлнэ. Энэ удаагийн цагаан олимпийн бэлгэдэл нь цагаан баавгай, ирвэс, туулай гурав юм. Харин уриа нь “Hot. Cool. Yours” буюу “Халуун. Хүйтэн. Чиний” гэсэн гурван үгээс бүрджээ. Сансарт, хойд туйлд, дэлхийн хамгийн гүн нуур Байгалийн ёроолд хүртэл хүрсэн олимпийн галт бамбарын буухиа урьд өмнө байгаагүй их зам буюу 40 мянган км туулж нийтдээ 123 өдөр үргэлжилсэн. Олимпийн гал хамгийн сүүлд монголчуудын мах цусны тасархай халимагуудын нийслэл Элстэй хотоос Сочиг зорьсон. Москвагийн цагаар 20.14 минутад олимп эхэлнэ. Энэ удаагийн цагаан олимпод Африкийн ӨАБНУ-аас эхлүүлээд Австрали зэрэг 88 орны тамирчид оролцох төлөвтэй. Энэхүү наадмыг үзэх гэж тив тивийн 1.2 сая гаруй жуулчин ирнэ гэсэн урьчдилсан мэдээлэл байна. Сочид чуулах орон орны тамирчид өмнөх 2010 оны Ванкуверийн цагаан олимпоос 12 багц медалиар илүү, нийт 98 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ наадмыг авахын төлөө Сочи Австрийн Зальцбург, БНСУ-ын Пёнчхан, Испанийн Хака, Казахстаны Алма-Аты, Болгарын Софи, Гүржийн Боржоми зэрэг хотуудтай өрсөлдөж 2007 оны долдугаар сарын 4-нд Гватемалад болсон ОУОХ-ны 119 дүгээр чуулганаар ялалт байгуулсан юм.
6
Энэ удаагийн өвлийн олимп анхнаасаа айдас хүйдэс дагуулж байгаа. Алан хядагчид энэ л өвлийн олимпийн өдрүүдийг хараар будна гэдгээ эртнээс мэдэгдсээр байна. Аль Кайда, лалын зэвсэгт ахан дүүсийн холбоо, чечен, ингушийн хэт даврагсад гээд заналхийлээгүй алан хялагчид тун ховор. Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр Оросын хэд хэдэн хотод тэсрэх бөмбөг байрлуулсан тохиолдлыг илрүүлсэн байх юм. Тэдгээрийн тоонд Сочи хот ч орсон байна.
6
Кавказын уугуул оршин суугчид эртнээс л Сочи хотод өвлийн олимп зохион байгуулбал хариуг нь хангалттай өгнө шүү хэмээн сүрдүүлсэн. Учир нь Оросын эсрэг 1864 онд Красная поляна гэх газар тулалдан амь эрсдсэн өвөг дээдсийнх нь булшин дээр олимпийн цанын баазыг байгуулсан нь черкесүүдийн уур бухимдлыг асаажээ. Бүр тодруулбал, Черкесүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч Ибрагим Яганов, “Красная полянад байсан бидний өвөг дээдсийн булшийг бульдозероор хөндөж устгасан. Үүнийг бид тэвчиж чадахгүй. Үүнийг бид болон бидний хойч үе хэзээ ч мартахгүй” гэсэн билээ. Кавказынханд уулынхны цусан өшөө гэж эртнээс уламжлагдан ирсэн нэг зүйл бий. Афганы уулын өвгөдөөс гэх энэ заншил өнөөг хүртэл уламжлагдсан гэж үздэг юм билээ. Энэ өшөөг эс авбал дараагийн насандаа амар заяаг эс үзнэ хэмээн уулынхан сүсэглэдэг бөгөөд эцэг өвгөдийнх нь ясыг өндөлзүүлсэн хэн ч уулынхны чинжаал хутганд өртөнө хэмээн домоглодог.
6
Энэ мэтээс шалтгаалан Өвлийн олимпийн аюулгүйн байдал олны анхаарлыг ихээхэн татаж байна. Гадны хэвлэлүүдэд Сочигийн тухай таагүй яриа үүгээр төгссөнгүй. Олимпыг далимдуулан Оросын олигархи дарангуйлагч төр сүр хүчээ гайхуулах гэж чармайж байна ч гэж бичих болов. “Энэ өдөр Орост их Владимирийг хаанд өргөмжлөх ёслол болох нь. Олимпийн наадмыг В.Путин өөрийн сүр хүчийг харуулах арга хэмжээ болгоно гэдэг тодорхой”, “КГБ-ийн тагнуулч асан, АНУ-ын “Forbes” сэтгүүлээс өнөө цагийн дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр шалгарсан Владимир Путин Сочигийн олимпийг өөрийгөө дөвийлгөх хамгийн том тайз болгоно”, “14 жилийн өмнө тогтсон Оросын авторитар дэглэм өнгөрсөн хугацаанд улс орноо орчин үеийн өөртөө итгэлтэй баян чинээлэг гүрэн болсноо Сочигийн олимпийн үеэр дэлхий дахинд харуулах сайхан боломж олджээ” гэж шуугицгааж байна. Олимпийн түүхэнд хамгийн их буюу 50 тэрбум ам.долларын хөрөнгөөр зохион байгуулагдах гэж Сочигийн олимп энэ бүх харын дундаас эв нэгдлийн цагаан дарцаг намируулан эхлэх гэж байна. Айдас хүйдэст автуулж байгаа ч хүн төрөлхтний эв нэгдлийн дээд бэлэгдэл болсон олимп маргааш эхэлнэ.
6
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ