Өвлийн олимпийн эргэн тойронд
Маргааш энх тайвны бэлэгдэл Өвлийн олимп нээлтээ хийх гэж байна. Хар тэнгисийн эрэг дээрх Сочи хот олон арван жилийн турш шаргал сайхан элстэй наран шарлагын газар, нуруу ээсэн тунгалаг нарны элчээрээ жуулчдын айлчлах дуртай үзэсгэлэнт газруудын нэг байсаар ирсэн. Харин маргааш цоо шинэ Сочи хоттой танилцах учиртай. Өвлийн олимпийн эргэн тойрон хэрхэн өрнөж байгааг сонирхуулъя.
5
В.Путин: Өвлийн олимпийн бэлтгэл ажил дууслаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр ард иргэд болон дэлхий нийтэд хандаж “Бид Олимпийн төслийг хэрэгжүүлэх хугацаандаа хөгжиж дэвшсэн. Та бүхний тусламжтайгаар бид хамтдаа амжилттай ажиллана. Олимпийн наадмыг энэ хотод зохион байгуулснаар илүү тав тухтай, үзэсгэлэнтэй болоод зогсохгүй нийгэм эдийн засаг, соёл, хүрээлэн буй орчны салбарыг хөгжүүлж чадлаа” гэжээ.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах
“Маргааш “Сочи 2014” өвлийн олимпийн наадам эхлэх гэж байна. Та бүхний харж байгаагаар Орос орон үүнийг хийж чадлаа. Тэд долоон жилийн өмнө өгсөн амлалтадаа хүрч, хичээл зүтгэл гаргасанд талархлаа илэрхийлж, баяр хүргэмээр байна. Олимпийн наадмын үеэр олон арван мянган цэрэг цагдаа зэр зэвсгийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж аюулгүй байдлыг хамгаалах” болно гэжээ.
5
Хамгийн өндөр зардлаар зохиогдож буй “Сочи”
Сочи-гийн олимпт 51 тэрбум ам.долларын бүтээн байгуулалт хийсэн нь “НАСА”-гийн Ангараг гараг дээрх судалгааны зардлын өртгөөс гурав дахин өндөр үзүүлэлт юм. 2010 онд Канадын Ванкувер хотын олимп 8.7 тэрбум ам.доллар зарцуулж байжээ. Харин 2008 оны Бээжингийн олимпийн зардал 40 тэрбум ам.доллар байсан юм.
5
Хамгийн үнэтэй медаль
Тамирчдын медалиудыг хийхэд 999-ийн сорьцтой алт гурван килограмм, 960-ын сорьцтой мөнгө хоёр тонн, 700 килограмм хүрлийг зарцуулсан нь олимпийн түүхэн дэх бас нэгэн содон үзэгдэл юм. Медаль бүр нь 460-531 грамм жинтэй бөгөөд тус бүрийг нь үйлдвэрлэхэд 18 цаг зарцуулжээ.
6
Олимпийн нээлтэд 60 гаруй орны төрийн тэргүүн оролцоно
Сочигийн олимпийн нээлтэд дэлхийн 60 гаруй орны төрийн тэргүүн оролцоно. Монгол Улсаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл оролцохоор эх орноосоо морджээ.
6
Эвлэрлийн хана нээлтээ хийлээ
“Сочи”-гийн олимпийн тосгонд олимпийн бэлэг тэмдэг болсон эвлэрлийн ханын нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо. Эвлэрлийн ханыг олимпийн тосгонд наадмын нээлтийн ажиллагаа эхлэхээс хэдэн хоногийн өмнө байрлуулдаг бөгөөд оролцогч тамирчид дэлхийд амар амгалан байдлыг бэлгэдэж буй сэтгэгдлүүдээ бичин үлдээдэг уламжлалтай аж. “Сочи”-гийн олимпийн тосгонд эвлэрлийн хоёр хана байрлуулсан байна. Хана тус бүр олимпийн таван цагирагийг илэрхийлсэн таван хавтангаас бүрджээ.
6
Олимпоор “сошиал медиаг” хориглов
“Сочи”-гийн өвлийн олимпоор сэтгүүлчдийг “сошиал медиа” ашиглахыг хориглох тухай Оросын эрх мэдэлтнүүд шийдвэрлэсэн байна. Тиймээс олимпийн эргэн тойрондох сонин сайхныг Сочи хотоос “сошиал медиа”-гаар дамжуулан хүлээн авах боломжгүй болж байгаа юм. Хориглосон “сошиал медиа” хэрэгслүүдэд “фейсбүүк”, “твиттер”, “Vine”, “Instagram” зэрэг олон хэрэглэгчтэй сошиал сайтууд багтжээ.
6
АНУ дахин рекорд эвдэв
“Сочи”-гийн өвлийн олимпийн наадамд АНУ 230 тамирчнаа оролцуулснаар өвлийн олимпийн түүхэнд бас нэгэн дээд амжилт тогтоолоо. Өмнөх рекордыг мөн л Америкчууд эзэмшиж байсан бөгөөд дөрвөн жилийн өмнө Ванкуверийн цагаан олимпод 216 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байжээ. Тэд энэ жил өмнөх рекордоо эвдэж чадсан байна. АНУ-ын тамирчдын 125 нь эрэгтэй, 105 нь эмэгтэйчүүд. Мөн тус улсын шигшээд 49 олимпийн медальтан, 13 олимпийн аварга багтжээ.
6
Тамирчдыг хулгайлна гэж сүрдүүллээ
Сочид болох өвлийн олимпод оролцох Австрийн хоёр эмэгтэй тамирчинг хулгайлна хэмээн сүрдүүлсэн захидал Австрийн үндэсний олимпын хороонд ирсэн байна. Заналхийлсэн захидал хүлээн авсан тус улсын уулын цаначин Марлис Шильд, скелетонич Жанин Флок хоёр олимпын хотхонд тусгайгийн “Кобра” тасгийн бие хамгаалагчтай явах болжээ. 32 настай Марлис Шильд 2006 онд Турин, 2010 оны Вакуверийн өвлийн олимпоос хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан бол 24 настай Жанин Флок Австрийн гурван удаагийн аварга юм.
6
Тамирчдын допингийн шинжилгээг 8 жил хадгална
“Сочи-2014” зохион байгуулах хорооны эрүүл мэндийн удирдах газрын удирдагч Алексей Слутин ингэж мэдэгджээ. Наадмын үеэр Сочид 2.5 мянган допингийн сорил тавих бөгөөд паралимпиадад 600 сорилыг мөн тавихаар болжээ. Үүний тулд допинг-хяналтын 29 станцын удирдлага, 147 шинжээч, хэдэн арван сувилагч, зуу зуун сайн дурын туслагчид оролцох юм. Нийтдээ допинг-хяналтын 13 станц, тэднээс 10 нь тэмцээний явагдах газарт байрлаж, гурван нь Олимпийн тосгонд байх юм. Допингтой тэмцэх асуудалд дорвитой хандахын тулд допинг-сорилын загваруудыг 8 жилийн турш хадгалахаар шийдвэрлэжээ.
6
“Тату” хамтлаг олимпийн нээлтэд оролцоно
Өвлийн олимпийн нээлтийн ёслолын үеэр поп хамтлаг “Тату” дуулахаар болжээ. “Сочид болох Олимпийн наадмын нээлтийн үеэр дуулах саналыг бидэнд тавилаа” гэж хамтлагийн дуучин Лена Катина өөрийн цахим хуудаснаа олимпийн өмнөх өдөр бичжээ.
6
Төрийн дууллыг дуучин Алсу дуулна
“Сочи”-гийн нээлтийн ажиллагааны үеэр Орос улсын төрийн дууллыг поп, дива Алсу дуулахаар болжээ.
6
Мария Шарапова олимп сурвалжилж байна
ОХУ-ын алдарт теннисчин Мария Шарапова “Сочи”-гийн өвлийн олимпийг “NBC” сувгаар дэлхий нийтэд дамжуулж байна. Тэрбээр энэ тухайгаа “Олимпийг сурвалжлах “NBC” телевизийн багт багтсандаа би үнэхээр их баяртай байна. Сочи бол маш баялаг түүх, өвөрмөц соёлтой хот” хэмээжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ