Хөдөлмөрийн яам, МХЕГ-тай хамтран ажиллана
Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалт, хяналтын асуудлаар 2014 онд хамтран ажиллах төлөвлөгөө баталжээ.
Тус арга хэмжээнд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Гантулга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх нар оролцож, хамтран ажиллах төлөвлөгөөг баталгаажуулан, гарын үсэг зурсан байна.
Энэ үеэр ХАБЭА-н хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг шинэчлэх, үйлдвэрлэлийн ослын мэдээг сар бүр нэгтгэн гаргах, ХАБЭА-н сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хамтарсан шалгалт хийх зэрэг асуудлаар санал солилцжээ.
Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нартай энэ онд Хөдөлмөрийн сайдын байгуулсан гэрээнд аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүд 2014 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, төлөвлөгөөтэй ажиллах, орон нутагт хийх үзлэг шалгалт, зөвлөн туслах үйл ажиллагаа, мэдээлэл, сурталчилгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх талаар тодорхой заалтыг тусгажээ. Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалт, хяналтын асуудлаар 2014 онд хамтран ажиллах төлөвлөгөө баталсан нь энэ ажлын эхлэл болж байна.
Аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийн орон нутгийн хамтын ажиллагаа эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийг ослыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэдэг дээр талууд санал нэгтэй байгаа юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ