Дараалсан таван дэлбэрэлт болжээ
Ирак улсын Багдад хотод өчигдөр таван удаа дэлбэрэлт болсон байна. Хамгийн эхний гурван дэлбэрэлт тус хотын олон улсын бүс дэх шалган нэвтрүүлэх цэг дээр болсон гэнэ. Тус бүсэд Иракийн төрийн байгууллагууд, Америк болон Их Британийн элчин сайдын яамд байрладаг аж. Дэлбэрэлтийн үеэр 26 хүн амь насаа алдаж, гэм зэмгүй олон арван хүн гэмтжээ. Дараагийн дэлбэрэлт Багдад хотын төвд байрлах томоохон ресторанд болсон байна. Энэ ресторанаар нэр хүнд бүхий төрийн албан хаагчид үйлчлүүлдэг байжээ. Тэгвэл амиа золиослогч этгээдүүд хамгийн сүүлд Ирак улсын ГХЯ-ны сайдын байрны үүдэнд бөмбөг дэлбэлсэн байна.
1
Нэг өдрийн дотор болсон цуврал дэлбэрэлтийн үеэр яг хэдэн хүн амь насаа алдсан талаар мэдээллийг албаныхан өгөхгүй байна. Дотоодын хэвлэл мэдээллийнхэн дор хаяж 123 хүн гэмтэж бэртсэн гэж мэдээлжээ. Багдад хотод зохион байгуулалттай цуврал халдлага гарсан явдлыг Ирак дахь НҮБ-ын тусгай төлөөлөгч Николай Младенов хатуу зэмлэсэн юм. “Эдгээр халдлагыг үйлдсэн хэн ч байсан хариуцлагаа үүрэх ёстой. Улс төрийн, шашны, иргэний нийгмийн удирдлагууд гэмт этгээдүүдийг шийтгэх хэрэгтэй” гэж Николай Младенов хэлжээ. НҮБ-ын мэдээлснээр, 2013 он Ирак улсын хувьд хамгийн аймшигтай цаг үе байсан бөгөөд өнгөрсөн онд 8000 гаруй хүн гэнэтийн халдлага, дайралтын улмаас амь насаа алджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ