Шадар сайд шүлхий өвчний асуудлаар үүрэг өглөө
Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт гарсан малын гоц халдварт “Шүлхий” өвчин тархан дэлгэрч Наран сумын нутагт илэрч цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул Онгон, Наран, Дарьганга сумдын нутаг дэвсгэрт энэ сарын 03-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм. Өчигдрийн байдлаар халдварт өвчний голомтод 33 өрхийн 143 толгой мал дээрх өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 120 малыг зориудаар устгасан байна.
Шүлхий өвчний нөхцөл байдалтай уялдуулан өнөөдөр Улсын Онцгой комиссын ажлын хэсгийн хуралдаан боллоо. Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва холбогдох мэргэжлийн байгууллагуудад шүлхий өвчний тархалтыг зогсоох, өвчнийг хязгаарлах чиглэлээр тодорхой үүргүүдийг өглөө.
Нэгд, шүлхийн голомт бүхий аймаг, сумдад хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж чанд хатуу мөрдөж ажиллах, Сүхбаатар аймгийн халдварын голомтод ажиллаж байгаа хүмүүсийг болон зэргэлдээх Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий зэрэг аймгуудын мэргэжлийн байгууллагуудыг халдвар хамгааллын хувцас, ариутгал, халдваржүүлэлтийн бодис, багаж, тоног төхөөрөмжөөр ханган ажиллахыг үүрэгдлээ.
Үүссэн нөхцөл байдлаас үүдсэн зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэх, шүлхий өвчинд мэдрэмтгий мал, амьтдыг дархлаажуулах ажлыг холбогдох журам, заавар, стандартын дагуу богино хугацаанд чанартай хийхийг анхаарууллаа. Мөн шүлхий өвчний гаралт нэмэгдэх хандлагатай байгаа тул өвчнөөр өвчлөмтгий малыг дархлаажуулах вакцин, шаардлагатай багаж хувцас хувцас хэрэглэл, ариутгал халдваргүйжүүлэх бодисоор шуурхай хангаж ажиллах хэрэгтэйг сануулав.
Түүнчлэн Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн орон нутгийн замаар дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож, эрүүл бүсэд зорчиж буй иргэд, тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлэх Нийслэл хот орчимд шүлхий өвчин тээвэрлэгдэн орж ирэхээс урьдчилан сэргийлж аймгуудын хилийн пост дээр хийж буй ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд хяналт тавих зэрэг үүрэг өгөв. Мөн дээрхи сумдыг болон зэргэлдээх аймгуудын малыг вакцинжуулахад шаардагдах вакцин, ариутгалын бодис, зарцуулагдах хөрөнгийг нарийвлан гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ