Нэг хүнд ногдох ДНБ сая төгрөгөөр өсчээ
Үндэсний статистикийн хорооноос манай улсын энэ оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Өнгөрсөн оын эцэст манай улсын эдийн засаг харьцангуй өсөлттэй буюу 11.7 хувь гарсан байна. Ингэснээр ДНБ өмнөх оныхоос 25 хувиар өсч, 17.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнийг нэг хүнд ногдох хэмжээнд хуваавал 6.5 сая төгрөг болжээ. Энэ нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2012 онтой харьцуулахад нэг сая гаруй төгрөгөөр өссөн дүн аж.
Өнгөрсөн сард инфляци 1.7 хувиар өссөн байна. Ерөнхийдөө жил бүрийн эхний сард инфляци хамгийн өндөр өсөлттэй байдаг аж. 2012 онд энэ дүн 2.7 хувь байсан бол өнгөрсөн жил 1.8 хувь байжээ. Нэгдүгээр сард инфляци 1.7 хувиар өсөхөд махны үнэ, тээврийн өртгийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, инфляцийн өсөлтийн 40 хувийг мах махан бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлжээ. Тээвэр дотор орон нутагт шатахууны үнэ өссөн, мөн нийтийн тээврийн үйлчилгээний тасалбар 100 төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Статистикийн хорооноос гаргасан бас нэг онцлох тоо нь гадаад худалдааны алдагдал эрс буурсан явдал юм. Энэ оны нэгдүгээр сард 15.9 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 200.7 сая ам.доллар буюу 92.7 хувиар буурчээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ