Хурдан морины хаврын уралдаануудыг цуцаллаа
Зүүн бүсэд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр Засгийн газар тогтоол гаргалаа. Өвчин тархсан 3 аймгийн 9 суманд өнөөдрөөс эхлэн тухайн орон нутгийн төрийн захиргааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоолоо. Өнөөдрөөс эхлэн хорио цээрийн бүсэд хамрагдсан аймаг, сумдаас зорчигч тээвэр, малын шилжилт хөдөлгөөн хийх, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэх, тээвэрлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ. Үүнд:· Хорио цээрийн онцгой дэглэм тогтоосон бүс: Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Их хэт, Дэлгэрэх, Алтанширээ сумын нутаг дэвсгэр;
· Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс: Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дэлгэрхаан, Дорноговь аймгийн Өргөн, Сайхандулаан, Даланжаргалан сумын нутаг дэвсгэр.
Түүнчлэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан сум, нийслэлийн Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Баянзүрхийн товчоо, төмөр замын 4 дүгээр зөрлөг, Яармагийн товчоонд ариутгал, халдваргүйжүүлэлтийн пост, харуул хамгаалалт, хяналтын цэгүүд байгуулж ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хурдан морины хаврын уралдаануудыг цуцаллаа. Хүй долоон худагт энэ сарын 23-нд товлоод байсан "Дүнжингарав-2014 төвийн бүсийн уралдаан, Өвөрхангай, Өмнөговь аймагт ирэх сард төлөвлөсөн хангай, говийн бүсийн уралдаанууд цуцлагдлаа.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ