Австрали, Шинэ-Зеланд Улсуудтай харилцаа өргөжиж байна

img

Хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй өндөр хөгжсөн Австрали, Шинэ-Зеланд улсуудтай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа өндөр ашиг шимт үржлийн мал, түүний хөлдөөсөн үр хөврөлийг тус улсаас Монгол Улсад импортлох боломжийг бүрдүүлэх чиглэлээр ХХААХҮЯ ажиллаж ирсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын 2011 оны 2 дугаар сард Австралийн  улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр ХХААХҮЯ, тус улсын Хөдөө аж ахуй, загас агнуур, ойн яам хоорондын хамтарсан комиссын анхны хурлыг 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Канберра хотноо амжилттай  зохион байгуулж, хамтран ажиллах Санамж бичгийг байгууллаа. Тус хурлын үеэр Австрали улсаас Монгол Улсад хонь, үхрийн гүн хөлдөөсөн үр, хөврөл үр импортлох  мал эмнэлгийн протоколд гарын үсэг зурснаас гадна Монгол Улс хөдөө аж ахуйн бирж байгуулахад Австрали улсаас мэргэжил, арга зүйн туслалцаа авах, хамтран судалгааны ажил хийх, үржлийн амьд мал тус улсаас импортлох нөхцлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тохиролцсон. Түүнчлэн ХХААХҮЯ-ны төлөөлөгчид Шинэ-Зеланд Улсын Хөдөө аж ахуй, ойн яамтай албан уулзалт хийж тус улсын Ноосны бирж, Ноос экспортлогчдийн холбоо, брокеруудтай уулзаж туршлага судаллаа. Шинэ-Зеланд улсын хөдөө аж ахуйн салбарт бэлчээрийн мал аж ахуй зонхилдог бөгөөд өрхийн аж ахуйд  тулгуурладаг, нийт 40 гаруй сая толгой малтай. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн ихэнх хувийг экспортлодог, үүнээс сүү, сүүн бүтээгдэхүүн, хонины махны экспортоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд хонины ноосны 2 дахь том экспортлогч улс юм. Тус улсын  мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид брокероор дамжуулан дуудлага худалдаагаар  бэлтгэсэн түүхий ноосоо    экспортлогчид шууд арилжаалдаг бөгөөд нийт ноосны 80 хувийг угааж экспортод гаргадаг байна. Тус улс дэлхийн 30 гаруй оронд хонины ноосыг экспортолдгоос Хятад улсад түүхий хэлбэрээр гаргадаг байна. Мөн Шинэ-Зеландын томоохон ноос угаах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ