Н.Мөнхбат: “Самурай” бонд жилийн 3,5 хувийн хүүтэй
“Самурай” бондын эргэн тойронд асуудал дэгдээд байгаа. “Ерөнхий сайд-30 минут” уулзалтад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулав.
:
-“Самурай” бондоос манайх нийтдээ 3,5 хувийн хүү төлнө гэж байгаа нь хэр үндэслэлтэй вэ?
-“Самурай” бондыг Монгол Улсад гарснаар бондын зах зээлд дэлхийд хоёрдугаарт ордог Японы иеийн зах зээл анх удаа үүдээ нээсэн. Цаашдаа бид Самурай бондыг гаргаж, иенийн эх үүсвэрийг авах бололцоотой. Иенийн эх үүсвэрийн онцлог байдаг. Нэг удаад маш их хэмжээгээр бонд гаргадаггүй. Давтамжтайгаар хэд хэдэн удаад бондоо гаргадаг зах зээл. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд 30 тэрбум иенийг гаргасан. “Самурай” бондын хөрөнгө оруулагчдад төлөх хүү нь жилд 1,52 хувь гэж тогтсон. Энэ хүүгийн хэмжээнд бид сэтгэл хангалуун байгаа. Үүний хажуугаар “Самурай” бондод Монгол Улсын Засгийн газрын баталгаа болон Японы олон улсын хамтын ажиллагааны банк буюу Японы төрийн эзэмшлийн бодлогын санхүүгийн байгууллагын баталгаатай. Японы төрийн эзэмшлийн банк нь “Самурай” бондын нийт эрсдлийн 95 хүртэл хувийг өөр дээрээ авсан. Иймээс уг бондын эрсдэлд тааруулсан хэмжээний шимтгэл авах нь зүйн хэрэг. Энэ бол олон улсын төвшинд байдаг тогтсон практик. Эрдслээ өөр дээрээ авсан бол түүнтэй тэнцэх хэмжээний шимтгэл авч, дотоод журмаараа ажилладаг. Шимтгэл төлөх нь тодорхой байсан. Бид хэдэн хувийн хүүтэй болох вэ гэдэг дээр нэлээн ажилласан. Энэ хувь хэмжээ нь бусад анх удаа гаргаж байсан шимтгэлийн хүүтэй харьцуулахад доогуур байгаа. Үүнд бид баяртай байгаа. Манай япон түншүүдийн зүгээс биднийг дэмжиж байгаа нэг илэрхийлэл байх. Энэ нь жилд ойролцоогоор 2 хувьтай байгаа. Шимтгэлийн хүү дээр хөрөнгө оруулагчдад төлөх хүү нэмэгдээд нийтдээ “Самурай” бондын зардал 3,5 хувийн хүүтэй болж байна. Баталгааны шимтгэлийг бөөнд нь төлсөн. 5,7 тэрбум иен болсон. Ингэснээр цаашдаа бид “Самурай” бондын 1,52 хувийн хүүг л төлнө. Манайд орж ирсэн “Самурай” бондын 24,3 тэрбум иен юм. Энэ нь ойролцоогоор 400 тэрбум төгрөг юм. Энэ нь бидний хувьд санхүүгийн хамгийн сайн нөхцөлтэй бонд болж байгаа юм. Цаашдаа 10 жилийн хугацаатай авсан бонддоо 1,52 хувийн хүүг л төлнө. Энэ нь бидний жил бүр гарах зардлыг ихээхэн хэмжээгээр бууруулж байгаа.
:
-“Самурай” бондоос дутсан хөрөнгийн асуудал яригдаад байгаа. Энэ нь шимтгэлээ бөөнд нь авсан асуудлыг хэлээд байна уу? Үнэхээр хөрөнгө дутсан уу?
-“Самурай” бондоос хөрөнгө дутсан асуудал байхгүй. Японы талаас Монгол Улсад бонд гаргасан нь эрсдэл байгаа. Баталгааны 10 жилийн шимтгэлийг авч бондын эрсдлийн сан байгуулж байгаа.
.
-Үйлдвэржилтийг дэмжих хөрөнгө оруулалтаа хэзээнээс хийж эхлэх вэ?
-Хөгжлийн банкин дээр хийгдэж байгаа ажлын хувьд төслүүдээ бүртгэж байна. Төслүүдийг цэгцлэн ангилсны дараагаар Засгийн газарт өргөн барина. Хэд хэдэн яамдаас төлөөлөл ороод, бид идэвхтэй ажиллаж байгаа. Манай ажлын хэсгийнхэн ажлаа хоёрдугаар сарын 25 гэхэд дуусгана.
.
-Эхний ээлжинд экспортыг дэмжих төслүүдийг санхүүжүүлнэ гэж байсан. Хамгийн эхэнд хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн онцолж хэлэх төсөл байгаа болов уу?
-Одоогоор үүнийг хэлэх боломжгүй. Манай улсын экспортын орлогыг бодитоор нэмэгдүүлэх үү, валютаар гарч байгаа зардлыг хэмнэ чадах уу гэсэн шалгуурыг эхлэн харж байна. Тийм учраас экпортыг нэмэгдүүлэх төсөл байна уу. Дотооддоо үйлдвэрлэх чиглэлийн төсөл 777 байна. Худалдаа үйлчилгээний салбарын төслүүд ч байгаа.
.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ