“Coal Mongolia-2014” нүүрээ буруулсан экспортыг эргүүлэх үү
Манай улсын орлогын эх үүсвэрт чухал үүрэг гүйцэтгэдэг нүүрсний салбарын талаар өнөөдрөөс чуулж эхэллээ. Төр, хөрөнгө оруулагч, хувийн хэвшил гэх мэт салбарын хувьд бүх талын төлөөллийг хамруулахыг хичээдэг “Coal Mongolia-2014” дөрөв дэх удаагийн чуулга уулзалтын үеэр гадна, дотны хөрөнгө оруулагч харьцангуй цөөн харагдав.
5
Эхний өдөр өнөөгийн Монголын нүүрсний салбарын нөхцөл байдал, төрөөс баримтлах бодлогын талаар түлхүү ярилцаж, өмнөх 3 жилд яригдсаар ирсэн тээвэрлэлт, татвар хураамж, байгаль орчин зэрэг асуудлууд өнөөдөр ч бас шийдэлд хүрч чадалгүй давтагдсаар. Гэхдээ энэ жилийн чуулга уулзалтад өмнөх жилүүдээсээ ялгарч буй нэг шинэлэг зүйл нь занарын асуудал. Энэ талаар үдээс хойш, чуулганы 3 дугаар хэсгээр хэлэлцэж буй юм. Гол агуулга нь нүүрс болон занарыг гүн боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчин, хөрөнгө оруулалтын талаар ярилцав. Мөн ирээдүйд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй эрчим хүч, коксжих нүүрс болон занарын гүн боловсруулалтын төслүүд, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна.
5
Төрийн бодлого хувийн хэвшлийнхэнийг туйлдуулж байгаа гэв үү
6
Манай улс дэлхийд нүүрсний нөөцөөрөө эхний 10-т багтдаг. Гэсэн хэдий ч өнгөрсөн жил гол худалдан авагч болох Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэгч улсууд дундаас хамгийн их зах зээлээ алдаж, экспорт нь уналттай байсан улс бол Монгол. Учир нь дэлхийн нүүрсний хамгийн том худалдан авагч Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэх сонирхолтой олон өрсөлдөгч гарч ирсэн нь өнөөг хүртэл тээвэрлэлт, боловсруулалтын асуудлаа шийдэж чадаагүйгээс Монгол нүүрс өрсөлдөөний талбараас шахагдахад хүрсэн. Үүнд төрийн бодлого алдаатай байгаа нь шууд холбоотой талаар “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Т.Наран чуулганы үеэр ярьж байв. Тэрбээр “Өнөөдөр төрөөс нүүрсний жишиг үнийн өндөр татвар хураамжийг 2012 оны үнэ өндөр байх жишгээр авч байгаа нь хувийн хэвшлийнхэнийг туйлдуулж байна. Өөрөөр хэлбэл, 40 ам.доллараар нүүрсээ зарж байгаа компанид 70 ам.долларын татвар тавьчихаад байгаа юм. Тиймээс Сангийн сайд өнөөдөр ярьсан шигээ тонныг нь 70 ам.доллараас зарна гэж яриад ч өдгөө 40 ам.доллар байгаа үнийг өсгөж чадахгүй. Энэ нь манай нүүрсний өрсөлдөх чадварыг улам сулруулж байна” хэмээсэн юм.
5
Тэгвэл цаашдаа эдгээр асуудлаа хэрхэн шийдэх, гадны хөрөнгө оруулалтыг яаж татах талаар салбарын сайд Д.Ганхуяг “2014 онд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Нүүрсний үнийг цаашид өсгөх, экспорттойгоо уялдуулах асуудлыг компаниуд, мэргэжлийн холбоод, эрдэмтэдтэйгээ бусад орнуудын шийдээд ирсэн замаар шийднэ” гэлээ. Мөн тэрбээр дэд бүтцийн асуудлын тухайд: аливаа бүтээн байгуулалтыг хийхэд мөнгө хэрэгтэй байгааг онцлоод, 2010 онд төмөр замын талаар баримтлах бодлогыг баталсан ч санхүүжилт байхгүй байсаар сая бонд гаргаж, эхний ээлжийн хөрөнгө оруулалт болох 400 сая ам.долларыг зарцуулж байгааг хэлэв. Гэхдээ 2014, 2015 онд 2 боомтын болон 2 уурхайтай холбосон төмөр зам баригдаж дуусахыг баталлаа.
5
Мөн Д.Ганхуяг сайдын тавьсан илтгэлээс харахад төрөөс “Нүүрс хөтөлбөр”-ийг боловсруулж, 2 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. Нэгдүгээр шат 2014-2018 он, хоёрдугаар шат нь 2019-2025 он хүртэл хэрэгжих юм байна. Ингэснээр нүүрсний хайгуул, олборлолт нэмэгдэж нөөц баялаг өснө, экспортын нэг цонхны бодлогоор зохицуулна, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн суурь бий болно гэжээ. Түүнчлэн, нүүрс боловсруулах болон нүүрсний давхаргын метан хийн үйлдвэрүүд ашиглалтанд орж төв суурин газруудын агаарын бохирдлыг бууруулна, нүүрс боловсруулан нийлэг шатдаг хий, шингэн түлш гаргаж, дотоодын хэрэгцээг хангана, транзит тээврийн корридор бий болгох, үнэ тариф тохирох, ложистикийн зардал бууруулах гэх зэрэг үр дүн гарах талаар дурдсан байлаа.
5
Коксжих нүүрсний хамгийн том экспортлогч болох боломж бий гэв
6
Ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ улам өсөх тул үүнд Монгол чухал үүрэгтэй оролцохыг “Пийбоди Энежржи” компанийн Монгол, Энэтхэг хариуцсан ерөнхийлөгч Аршад Саейд “Coal Mongolia-2014” чуулганы үеэр тавьсан илтгэлдээ дурдлаа. Тодруулбал, 2013 онд коксжих нүүрсийг хамгийн их ашигладаг ширмийн үйлдвэрлэлээ Хятад улс өмнөхөөсөө 9 хувиар нэмэгдүүлжээ. Цаашдаа ч ган, ширмийн үйлдвэрлэл улам өсөх тул үүнийгээ дагаад коксжих нүүрсний хэрэглээ нэмэгдэх юм байна. Иймд эрэлтээ дагаад үнэ нь одоо байгаагаас өсөх хандлага байгаа аж. Өөрөөр хэлбэл, манай улс дэлхийн кокжих нүүрсний экспортод томоохон байр суурь эзэлж, хамгийн том экспортлогч болох боломж бий юм байна. Тиймээс энэ том зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой Монгол Улсын бодлого тогтвортой байгаасай хэмээн Аршад Саейд ярьж байв.
5
Өнөөдөр дэлхийн нүүрсний хэрэглээний 80 хувийг Хятад, Энэтхэг улс эзэлдэг байна. Ази тивийн хувьд нүүрснээс хий гаргах төслүүд өргөн хэрэглэгдэж буй аж.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ