Хөрөнгө оруулагчдыг далласан хурал
Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын дөрөв дэх удаагийн чуулга уулзалт хоёр өдөр болж өндөрлөлөө. Өмнөх чуулганууд нүүрсний салбар харьцангуй өсөлттэй байх үед зохион байгуулагдаж байсан. Харин энэ удаагийнх нүүрсний экспорт эрс буурсан, хөрөнгө оруулалт багассан үетэй давхацсанаар онцлог байв. Чуулганд гадаадын төлөөлөгчид гарын арван хуруунд багтахаар цөөхөн оролцсон, нүүрсний салбарт хэрэгжиж эхэлж буй шинэ төслүүд бараг танилцуулагдаагүй нь уг салбарын өсөлт буурч, хөрөнгө оруулах сонирхол багассаныг илтгэж байсан. Харин өмнө нь хэрэгжиж эхэлсэн төслүүдийн өнөөгийн байдлынх талаар танилцуулга мэдээлэл олон хийгдсэн юм. Үүгээр эхний ээлжинд нэгэнт уг салбарт хөрөнгөө оруулчихсан томоохон төслүүдээ дэмжиж, авч үлдэх хэрэгтэй байгааг сануулсан дохио болов.
1
Хөрөнгө оруулагчид багассан ч Засгийн газрын төлөөлөл идэвхитэй оролцсон нь чуулганы нэг онцлог байсан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хятадын талтай нүүрс боловсруулах, экспортлох чиглэлээр яриа хэлцэл хийсэн тухайгаа дуулгаж, 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэхээр тохирсон тухайгаа хэлсэн. Мөн хүрэн нүүрсээ ашиглан цахилгаан станц барих, нүүрсээ хийжүүлэх зэргээр томоохон төслүүд хэрэгжүүлэх тухайгаа дуулгав. Түүнчлэн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг ойрын хугацаанд нүүрсний экспортыг 100 сая тонн давуулах, төрөөс нүүрсний салбар дахь хууль эрхзүйн орчинг таатай болгохоор эрмэлзэж буйгаа хэлсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг уриалан дуудсан, уг салбарт эрхзүйн тааламжтай орчин бүрдүүлэхээр эрмэлзэж буйгаа илтгэсэн үг, өгүүлбэр олонтаа унагасан. Нүүрсний салбар дахь хөрөнгө оруулалт ихээхэн царцсан тул Засгийн газрын зүгээс уг салбарт хөрөнгө оруулалт татахыг ихээхэн хичээж буй бололтой.
1
Хэдийгээр нүүрсний салбар дахь хууль эрхзүйн орчин тогтвортой болж, хөрөнгө оруулагчдыг уриалан дуудаж байгаа ч өнгөрсөн хугацаанд энэ салбарт дэвшил тун бага гарсныг чуулганд оролцогчид онцолж байсан. Тухайлбал, нүүрсний борлуулалтад хамгийн чухал үүрэгтэй дэд бүтцийн чиглэлээр дорвитой үр дүнд хүрээгүй. Энэ мэтээр үндсэн асуудал огт шийдэгдэхгүй байгаа нь эргээд салбарыг хүнд байдалд оруулж буйг хэлсэн.
1
Харин хувийн хэвшил өнгөрсөн хугацаанд ихээхэн хүчин чармайлт гаргаж иржээ. Нүүрсний ханш унаснаас хамаарч компаниуд олборлолтоо нэмэгдүүлж байж нийт зардлаа бууруулахаар хичээж байгаа аж. Тиймээс төрөөс эхний удаад татварын бодлогоор дэмжиж эдгээр компанийг амиа аргалах боломжийг олгох ёстой. Үүний дараагаар цааш хөгжих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй хэмээж байна. Хятадын зах зээл дэх нүүрсний үнийг хоёр засгийн газар харилцан ярилцаж тогтоох боломжтой. Тиймээс засгийн газрын түвшинд яриа хэлцэл хийх шаардлагатай тухай хэлж байсан. Нөгөө талаас жишиг үнийг үндэслэлгүй тогтоож байгааг шүүмжлэв. Гэрээн дээр байгаа үнээс 3 дахин өндөр үнээр тооцож татвар авдаг. Хятадын зүүн хилийн үнийг шууд авчирч мөрдөж байгаа нь учир дутагдалтай гэв. Төсвөө бүрдүүлэх гэж зүтгэж буй уг арга нь эргээд компаниудаа хүнд байдалд оруулж байгаа аж.
1
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ