Дундардаг баялгаас ундардаг баялаг руу

img

Энэхүү уриалга нь манайд төдийлөн хөгжиж чадаагүй байгаа хөнгөн үйлдвэрийн салбартай шууд холбоотой. Ирэх сард тохиох тус салбарын 80 жилийн ойтой холбогдуулан, уул уурхай дээрээ түшиглэн хөнгөн үйлдвэрийн салбараа хөгжүүлэх боломжийн талаар  ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл өчигдөр сэтгүүлчидтэй хийсэн зангиагүй уулзалтын үеэр ярьж байлаа.

1

“Дундардаг баялгаа ундардаг баялаг руугаа” шилжүүлж, үндэсний брэнд бүтээгдэхүүнүүд бий болгосноор ажлын байр болон экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэхийн зэрэгцээ энэ нь байгальд ямар ч хор хөнөөлгүй болохыг тэрбээр энэ үеэр онцолж байв. Жишээ нь, өнөөдөр манай улс жилд 7000 орчим тонн ноолуур авдаг. Гэтэл үүнийхээ 700 орчим тонныг бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг байна. Үлдсэн хэсэг нь мэдээж анхан шатны боловсруулалтад орж, угаагдан урагшаа экспортлогддог. Ийнхүү маш цөөн хэсэг нь эцсийн бүтээгдэхүүн болж бидний гарт ирдэг тул үнэ нь хэт өндөр байдаг нь нууц биш. Гэтэл гадныхан 60 ам.доллароор манайхаас авсан ноолуураа боловсруулж, 300 ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлээд олон улсын зах зээлд нийлүүлж байна. Үүнээс харахад хэрвээ бид энэхүү “цагаан алт”-аа өөрсдөө угааж, самнан, ээрч утас болгож чадвал ах дүү, найз нөхдөөрөө хоршсон жижиг, дунд үйлдвэрлэгчид өөрсдийн нэрийн брэнд бүтээгдэхүүнүүдийг бий болгох боломжтой юм. Өнөөдөр дүүрэг бүрт байгуулагдсан инкубатор төвийг түшиглэж хонины ноосон утсаар төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч манайд цөөнгүй бий болсон. Энэ мэтчилэн ноолуурын салбарыг ч мөн дэмжээд өгвөл ажлын байр нэмэгдэхийн зэрэгцээ мэдээж энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл олширсноор цаашдаа үнэ ч хямдрах давуу талтай.

1

Гэхдээ өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд арилжааны банк, түрээслэгч гэсэн 2 газар юм хийе гэсэн хүсэл эрмэлзэлтэй иргэдийг мохоож байгааг дэд сайд Б.Цогтгэрэл хэлж байв. Тэрбээр “Манай улсад банкны салбар өндөр хүүтэй, барьцаа хөрөнгө их шаарддаг. Анх зээл авах гэсэн иргэдээс дор хаяж 42 төрлийн бичиг баримт шаарддаг нь иргэдийг шантрахад хүргэдэг. Мөн өмч хувьчлалын үед ямар нэгэн аргаар улсын объектийг хямдхан худалдаж авсан хүмүүс өнөөдөр татвар бараг төлөхгүй хэрнээ түүнийгээ түрээсэлж их хэмжээний ашиг олдог. Тэд дуртай үедээ түрээсийн төлбөрөө нэмж, хийе бүтээе гэсэн нэгнийг дарамталж байгаагаас жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд тээг тушаа болж байна” гэлээ. Тэгвэл Засгийн газраас энэ чиглэлийг хөгжүүлэхээр Чингис бондын хөрөнгөнөөс зарцуулахаар болсон. Жижиг, дунд үйлдвэрлэлийн төслийн сонгон шалгаруулалтад Засгийн газарт 1158 төсөл ирсэн байна. Мөн барьцаа хөрөнгө дутагдалтай иргэдэд хадгаламжмйн даатгалын системийг бий болгож буйг ҮХАА-н дэд сайд дуулгав. Түүнчлэн цаашдаа мөнгө хүүлэгч түрээслэгчидтэй тэмцэх хэд хэдэн санаачлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.

1

Уг нь манай улс өнөөдөр дэлхийн нийтээрээ “шүтэх” болсон натурал буюу байгалийн гаралтай бүтээгдэхүүн ихтэй. Кальцаар баялаг ааруулнаас эхлээд гадныхны хүнсэндээ өргөн хэрэглэдэг бяслаг үйлдвэрлэх түүхий эд нь өнөөдөр 40 орчим сая тоо толгойд хүрээд буй манай бог малд бий. Түүнчлэн манай савхиар бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал хэдэн саяар үнэлэгдээд буй гадаадын үнэтэй брэндүүдийг дагуулахгүй гэдгийг гадныхан хүртэл хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймээс хөнгөн үйлдвэрийн салбараа хөгжүүлж чадвал цөөн хүн амтай манай улсын эдийн засаг сэргэх бүрэн боломжтой юм.

1

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ