
Хойд хөршид сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж, тэдгээрийг тараах гэсэн цагдаа нарын баривчилгаа эрс ширүүсэж байна.
“Хуурамч сонгууль хийхээ боль”, “Ардчиллыг авчрах цаг болжээ” гэх мэт уриа лоозун барьсан олон мянган сөрөг хүчний дэмжигчид Москва хотноо жагсаал цуглаан хийж байна.
Ням гаригаас хойш өнөөдрийг хүртэл гурав дахь өдрөө үргэлжилж буй энэхүү эсэргүүцлийг намжаахаар цагдаа өчигдөр л гэхэд 250 гаруй хүмүүсийг баривчилсаны дотор сөрөг хүчний лидерүүдийн нэг, Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байсан Борис Немцовыг баривчилсан байна.
Өнөөдөр түүнийг суллахыг шаардсан олон мянган дэмжигчдийн жагсаал болж магадгүй гэнэ.
Хүний эрхийн төлөө тэмцэгчид, ардчилсан үзэл баримтлалтай гэгдэх улстөрчид жагсаал цуглаанд ирж үг хэлснийхээ төлөө баривчлагдах аюултай болсон талаар Москвад байгаа гадаадын сэтгүүлчид мэдээлжээ.
Жагсагчид хэдийгээр баривчилгааг эсэргүүцэж байгаа боловч цагдаа нар жагсагчдад хайр найргүй хатуу хандаж хүчээр баривчилгаа явуулж байгаа аж. Жагсагчдаас гадна гудамжаар явж байгаа энгийн иргэд ч баривчилгаанд өртөж байна.
Мөн үүний зэрэгцээ Нэгдсэн Орос намын дэмжигчид сөрөг жагсаал цуглаан хийхээр зарлажээ.
Эрх баригчид радио телевизээр мэдэгдэл хийж эмх замбараагүй байдал үүсгэхээ зогсоож, үүсээд буй нөхцөл байдлыг далимдуулан гэмт хэрэгтнүүд, янз бүрийн нууц бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжихээс сэргийлэх хэрэгтэйг сануулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ