Дэлхийн банк нь өөрийн гишүүн орны Засгийн газарт тэдгээрийн сургууль, эрүүл мэндийн төвүүдэд хөрөнгө оруулалт хийх, ус цахилгаанаар хангах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр гүйцэтгэж буй ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, дэлхийн томоохон хөрөнгө санхүүжилт, мэдлэгийн эх үүсвэр билээ. Дэмжлэг туслалцааг төслийн, хөтөлбөрийн зээл, буцалтгүй тусламж, түүнчлэн зөвлөгөө, судалгаа шинжилгээ зэрэг техникийн туслалцаа хэлбэрээр олгодог.
Тэгвэл энэ удаа Дэлхийн банкнаас Монгол Улсад цэвэрлэх байгууламж барих тендер зарлажээ. Тендерт Казакстан, Лаос, Вьетнам, Солонгос зэрэг хэд хэдэн улс оролцсоноос энэ салбартаа туршлагатай БНСУ шалгарч “ПиПи” төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.
Уг төсөл нь гурван үе шаттай, таван гол төсөлтэй бөгөөд нэг жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ удаагийн айлчлалаар төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгаа шинжилгээ хийж, төслийг боловсруулахаар “KPMG” компаний Терранс Тей Яанг, “Dasan” компаний Квон Хиок Жо зэрэг төлөөлөгчид хүрэлцэн ирж, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригтой уулзлаа.
"ПиПи" төслийг БНСУ арван таван жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн бөгөөд Англи, Австри, Япон гэх мэт улсуудад төслийн ажлыг дуусгасан туршлагатай. Шинээр байгуулах цэвэрлэх байгууламжийг Эмээлтэд барихаар төлөвлөж байна. Учир нь уг газарт цаашдаа аж үйлдвэрийн паркийг байгуулах бөгөөд цэвэрлэх байгууламжийг байгуулахад тохиромжтой газар болж байгаа юм.