С.Эрдэнэ: Тэтгэврийг хүссэнээрээ нэмэгдүүлэх санхүүгийн боломж бага байна
Иргэдийн санал гомдлыг хүлээн авдаг “11 11” төвд ирсэн хүсэлтийн дийлэнх нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагаатай холбоотой байсан байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр, тэтгэмж, даатгал, халамжийн үйлчилгээний тухай асуулт давамгайлжээ. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 6000 гаруй иргэн дээрх асуудлаар тус төвд хандсан байна. Тиймээс өнгөрсөн баасан гаригт ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “11 11” төвийн шууд ярилцлагын зочноор оролцож, иргэдийн сонирхсон асуултад дараах хариултыг өгчээ.
1
-Засгийн газраас тэтгэвэр нэмэгдүүлсэн тухай мэдээллийг өнгөрсөн 7 хоногт хийлээ. Тэтгэврийг ямар хэмжээгээр нэмэгдүүлсэн бэ?
-Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээнд зориулан УИХ-аас Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсөвт 89 орчим тэрбум төгрөгийг баталж өгсөн. Иймд батлагдсан төсөвт багтаан Нийгмийн даатгалын болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Уг шийдвэрээр 200 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27 мянган, 600 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22 мянган, 600 мянгаас дээш төгрөгийн тэтгэврийг 20 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180300 төгрөг байсныг 207300 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 145200 төгрөг байсныг 172200 төгрөг болгон шинэчлэн тогтоолоо. Улсын хэмжээнд нийт 318 орчим мянган тэтгэвэр авагч байна. Эдгээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ наад зах нь сард 20 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм.
Мөн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 103600 төгрөг байсныг 115 мянган төгрөг, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээ 48 мянган төгрөг байгааг 52800 төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоосон.
1
-Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр хэзээ гарсан бэ?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхдээ нийтэд урьдчилан зарлахгүй гэсэн зорилт тусгагдсан байдаг. Иймд тэтгэвэр нэмэгдүүлэх тогтоолыг Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн гаргасан боловч энэ тухай цагаан сарын баярын өмнө албан ёсоор нийтэд зарлаагүй юм.
1
-Тэтгэврийг 15-30 хувиар нэмэгдүүллээ гэж яригдаад байна, ямар тэтгэвэр ингэж нэмэгдэж байгааг тайлбарлаж өгөхгүй юу?
-Улсын хэмжээнд 318 мянган тэтгэвэр авагч байна. Эдгээрийн 63 орчим хувь нь 200 мянга хүртэлх төгрөгийн тэтгэвэртэй байсныг 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр тэдний тэтгэвэр 13-15 хувиар нэмэгдэж байгаа юм. Түүнчлэн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийт 494 орчим мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулахаар бүртгүүлснээс 64 мянган иргэн нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэд байна. Эдгээр тэтгэвэр авагчийн хувьд ажилласнаар нөхөн тооцуулсан хугацаандаа ногдох тэтгэврийн нэмэгдлээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тооцуулан авч байгаа юм. Ингэснээр ажилласан жилээ нөхөн тооцуулсантай холбоотой тэтгэврийн нэмэгдэл болон Засгийн газрын тогтоолын дагуу олгох тэтгэврийн нэмэгдэл нь нийлээд 30 хувь хүрэх тохиолдол гарч байгаа юм. Зөвхөн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тэтгэвэр авагчдын тэтгэвэр нь 30 хүртэл хувиар нэмэгдэж байгаа гэдгийг иргэд маань ялгаж ойлгох хэрэгтэй. Жишээ нь, сарын 180 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүний тухайд, хуулийн дагуу 10 жилээ ажилласнаар нөхөн тооцуулсан гэж үзвэл, тэтгэврийн хэмжээ нь хамгийн багадаа 15.4 хувиар нэмэгдэж, мөн хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Засгийн газрын тогтоолын дагуу 22 мянган төгрөгөөр нэмэгдэн 231 мянган төгрөг болж, тэтгэвэр нь нийтдээ 28.2 хувиар нэмэгдэж байгаа юм.
1
-Тэтгэвэр авагчид хэр олон жилийг нөхөн тооцуулсан гэсэн судалгаа байна вэ. Ажилласан хугацаагаа хамгийн ихдээ 10 жилээр нэмэгдүүлсэн гэж ойлгож болох уу?
-Иргэдийн хувьд 1990-2000 оны хоорондох 11 жилээ ажилласнаар нөхөн тооцуулах боломжтой байсан. Ажилласнаар нөхөн тооцуулсан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингийнхаа 1.5 хувиар бодож тэтгэврийн нэмэгдэл авна. Хамгийн ихдээ 11 жилийг нөхөн тооцуулсан гэвэл 11 жилийг 1.5 хувиар үржээд 16.5 хувь болно. Тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин нь 400 мянган төгрөг байсан гэвэл үүний 16.5 хувь нь 66 мянган төгрөг болж байгаа юм. 64 мянган тэтгэвэр авагч дунджаар 6.9 жилийг ажилласнаар нөхөн тооцуулсан гэсэн дүн гарсан.
1
-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох бүртгэл үргэлжилнэ гэж байсан, бүртгэлд ямар иргэдийг хамруулах вэ?
-1990-2000 оны нийгмийн шилжилтийн явцад ажил олдохгүйн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байснаас орлогогүй, тэтгэврийн даатгалд хамрагдаагүй 494.8 орчим мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ өнгөрсөн онд нөхөн тооцууллаа. 1991-1994 онуудад 4 ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд болон 27 жил ажилласан эмэгтэйчүүд, 32 жил ажилласан эрэгтэйчүүдийг нас харгалзахгүйгээр тэтгэвэрт гаргаж байсан. Эдгээр иргэдийг дээрх хуулийн үйлчлэлд хамруулаагүй байсан. Гэхдээ холбогдох журамд өөрчлөлт оруулснаар олон хүүхэдтэй эхчүүд, 32 жил ажилласан эрэгтэйчүүд, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэдийн ажилласан хугацааг мөн нэмэгдүүлэн тооцох боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн баримжаатай эдийн засагт шилжихдээ бид олон зүйл дээр алдаж, туршлага дутаж, үйлдвэр, аж ахуйн газруудын тогтвортой ажиллах нөхцөлийг нь хангаагүйгээс олон үйлдвэрүүд хаалгаа барьж, иргэд олноороо ажилгүй болж байсан. Түүнчлэн ажлын байрны хомсдолоос болоод хөдөлмөрийн насны хүн амыг ялангуяа эмэгтэйчүүдийг олноор нь тэтгэвэрт суулгаж байсан. 36 настай залуу бүсгүйг тэтгэвэрт гаргаж байсан тохиолдол байдаг юм. Эдгээр иргэд одоо хамгийн доод хэмжээний тэтгэвэр авдаг. Иймд тэдний ажиллах байсан хугацааг 2014 онд нөхөн тооцох бөгөөд манай нийгмийн даатгалын байгууллагууд иргэдийг бүртгэх ажлын бэлтгэлээ хангаад байна.
1
-Тэгвэл эдгээр иргэдийн тэтгэврийн хэмжээ нь хэзээнээс нэмэгдэх вэ. Хичнээн хүн бүртгүүлэхээр байгаа вэ?
-Бидний судалгаагаар 41 мянган иргэн энэ бүртгэлд хамрагдахаар байгаа ба тэдний 82 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулан иргэн бүрийн ажилласан хугацааны нэмэгдлийн баталгаажуулалтыг хийсний дараа шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгасан тохиолдолд 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн холбогдох тэтгэврийн нэмэгдлийг иргэдэд тооцож олгох юм.
1
-Тэтгэвэр нь 15-30 хувиар нэмэгдэж чадаагүй иргэдийн тэтгэвэр энэ онд дахин нэмэгдэх үү?
-Бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг наад зах нь 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Өндөр тэтгэвэртэй иргэдийн хувьд тэтгэврийн нэмэгдэл нь авч байгаа тэтгэврийн хэмжээтэй нь харьцуулахад бага байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ нийт тэтгэвэр авагчдад олгож байгаа тэтгэврийн нэмэгдлийн абсолют дүн нь 22-27 мянган төгрөг буюу төдийлөн их ялгаатай биш гэдгийг иргэд маань ойлгох байх. Улсийн эдийн засгийн нөхцөл байдал, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого бүрдэлттэй холбоотойгоор төсөвлөгдсөн хөрөнгөндөө багтаан хэрэгжүүлж байгаа арга хэмжээ учраас тэтгэврийг хүссэнээрээ нэмэгдүүлэх санхүүгийн боломж бага байна.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ