Шүүгчийн алхан дор хүний хувь заяа бий
Олон улсын жишгээр эмч, багш, шүүгч мэргэжилтэй бол хамгийн өндөр цалинг авдаг гэнэ. Учир нь хангалттай цалин авдаг эмч өвчтөнөө мөнгө гэж хардаггүй. Цалиндаа санаа зовдоггүй багш хүнд эрдэм мэдлэг олгохын төлөө бүхнээ зориулна. Цалин сайтай шүүгч бусдаас авилга авч, мөнгөтэй хүний талд шийдвэр гаргахгүй гэж үздэг ажээ.
:
Тиймээс Хууль зүйн салбарт шударга ёс тогтоох, Шүүхийн шинэчлэл хийхэд шүүгчийн цалин хөлс маш чухал. Хамгийн түрүүнд шүүгч нарын цалинг нэмэх нь зөв хэмээн УИХ-аас 2012 оны сүүлээс өнгөрсөн жилийн турш холбогдох хуулиудыг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд шүүгч нарын цалин 3.7-4.5 сая төгрөг болгон нэмэгдүүлж, бүтцийн өөрчлөлт хийх зэрэг асар олон зүйлүүд хийгдэж буй.
.
Харин төрийн албан хаагчид дундаас монголдоо анхдагч болж, өндөр цалин авах эрхтэй болсон шүүгчид ажил үүргээ чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэхээ батлан тангарагладаг. Тодруулбал, “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэж шүүгч хүн төрдөө, ажил мэргэжилдээ, түмэн олондоо тангараг өргөдөг билээ.
:
Тэгвэл хуульч хүн шударга бус байна гэдэг нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, тэр хүн мэдлэг чадвар дутуугаас буруу шийдвэр гаргаад бусдыг хохироож байж болно. Эсвэл санаатайгаар бусдын нөлөөнд орох юм уу, тодорхой сонирхлоор хандаж шударга бус байдал гаргадаг” хэмээх үгийг хэдэн сарын өмнө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт хэлж байсан юм. Хуулийнхны дунд байдаг алдаа, дутагдлыг хэлсэн түүнийг хэн ч буруутгаагүй. Тэрээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийнхээ албанаас чөлөөлөгдөж шүүгч болсон бөгөөд ерөнхий шүүгч байх үедээ гаргасан шийдвэрийнхээ улмаас Шүүхийн ёс зүйн хороонд “шүүгдэх” болсон гэнэ.
:
Тодруулбал, тэрээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч байхдаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох анхан шатны шүүхийн 1449 дүгээр шийдвэртэй хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2013 оны долдугаар сарын 17-нд ирэхээс урьтаж, хоёр хоногийн өмнө буюу долдугаар сарын 15-нд хэрэг дээр нь ажиллах шүүх бүрэлдэхүүнийг томилсон аж. Хуулиараа бол дээрх үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн явдал юм байна. Мөн ерөнхий шүүгч Ц.Цогт нь ээлжийн амралттай байх үед дээрх шүүх бүрэлдэхүүнийг томилсон нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан тал үзжээ.
:
Шүүгч ээлжийн амралтаа авсан бол өөрийг нь орлох шүүгчийг томилдог. Харин Ц.Цогт шүүгч орны шүүгч томилоогүй аж. Тиймээс нэхэмжлэгч тал шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөх тэр дундаа ерөнхий шүүгч Ц.Цогтоос татгалзах хүсэлт гаргасан байна. Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүсэлтийг нь биелүүлэх боломжгүй хэмээн үзжээ. Шалтгаан нь “Шүүгчдийн зөвлөгөөн нь тухайн шүүхийн шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон тохиолдолд хүчинтэй байхаар заасны дагуу шүүгч Ц.Цогт 2013 оны долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ээлжийн амралттай байсан ч Шүүгчдийн зөвлөгөөний ирцийг хангаж, шүүх бүрэлдэхүүнийг томилоход оролцсон. Хэдийгээр шүүгч ээлжийн амралттай байгаа боловч ажлын зайлшгүй шаардлагаар шүүх бүрэлдэхүүн томилох ажиллагаанд оролцох нь шүүн таслах ажиллагаа тасралтгүй байх зарчимд нийцсэн бөгөөд ээлжийн амралттай байсан нь шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл биш юм” гэж үзсэн байна.
:
Уг нь шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан нөхцөлд түүнийг нь хүндэтгэн хүлээн авдаг жишиг тогтсон ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн эл хүсэлтийг биелүүлээгүй тул эцэстээ хүсэлт гаргасан тал Шүүгчийн Ёс зүйн хороонд хандсан аж. Ёс зүйн хороо хэзээ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа аж. Ер нь шүүгчийн алхан дор хүний амь нас, хувь тавилан атгаатай байдаг гэдэг. Тиймээс иргэний хүсэлтийг хүлээн авч, үнэн зөвийг дэнсэлсэн шударга шийдвэр гаргадаг жишиг тогтсон цагт шүүхийн шинэчлэл жинхэнэ утгаараа хэрэгждэг болох биз ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ