БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХАН ДОК СҮ НЭР ДЭВШИНЭ

БНСУ-ын Ерөнхий сайд бөгөөд ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж буй Хан Док Сү ирэх 6-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээг засгийн газрын эх сурвалж баталгаажуулсан бөгөөд Хан Док Сүгийн хувьд өчигдөр үдээс хойш огцрохоо зарласан аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хан Док Сү үдээс өмнө улс төрийн хуваагдал, туйлшралыг даван туулах, үндэсний эв нэгдлийг сэргээх чиглэлтэй улс төрийн хөтөлбөрөө танилцуулах бололтой. Улмаар энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд төрийн өндөр албан тушаалаасаа буух шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Нам бус улс төрч болох Хан Док Сү нь парламентад олонхын суудал эзэмшдэг Ардчилсан намын бодлогыг шүүмжлэгчдийн дунд нэр хүндээ хадгалсаар байгаа талаар “Yonhap” онцолжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг Үндсэн хуулийн цэц энэ оны дөрөвдүгээр сарын 4-нд огцруулахаар шийдвэрлэсэн бөгөөд улмаар тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, ерөнхийлөгчийн халдашгүй дархан эрхээ алдсан юм. Юн Сок Ёлийг өнгөрсөн оны сүүлчээр онц байдал зарлаж, бослого үймээн өдөөсөн хэргээр буруутган шалгаж байгаа бөгөөд холбогдох анхны шүүх хурал дөрөвдүгээр сарын 14-нд болжээ. БНСУ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургаадугаар сард болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ