Парис нисэх тасалбарууд хэдийнэ зарагдсан гэв
Энэ оны зургадугаар сарын 9-нөөс эхлэн Монголын агаарын тээврийн “Хүннү эйр” компани Францын нийслэл Парис хот руу шууд нислэг хийдэг болох юм. Энэ талаар Франц улсаас манай улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Ив Дэлунэ, “Хүннү эйр” компанийн гүйцэтгэх захирал Б.Баяр, тус компанийн коммер хариуцсан дэд захирал Б.Маргад нар мэдээлэл хийлээ.
5
БНФУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэ энэ үйл явдлын талаар “Шууд нислэгтэй болсноор Монгол, Франц хоёр орны харилцаанд томоохон дэвшил гарч байна. Хоёр орны хамтын ажиллагаа, аялал жуулчлал, худалдаа эдийн засаг шинэ түвшинд хөгжих үүд хаалга нээгдэж байгаад сэтгэл хангалуун байна. Франц улс бол аялал жуулчлалын томоохон хот. Тиймээс Франц улсад зорчихыг хүссэн Монгол иргэдэд олгох визийн нөхцлийг хөнгөвчлөх, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.
5
Виз олгох нөхцлийг хэрхэн хөнгөвчлөхийг тодруулахад “Хоёр улсын хамтарсан гэрээгээр 2014 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсын дипломат буюу ногоон паспорттай иргэд визгүй зорчиж эхэлсэн. Жирийн иргэдийн хувьд визний мэдүүлэгт бүрдүүлэх материалууд өөрчлөгдөхгүй. Харин иргэний ирүүлсэн визний материалыг хянах хугацааг богиносгох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ” хэмээн элчин сайд Ив Дэлунэ мэдэгдлээ.
5
“Хүннү Эйр” компанийн гүйцэтгэх захирал Б.Баяр хэлэхдээ “Иргэний нисэхийн салбарт төрөөс баримтлах бодлого, Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан ёсоор Улаанбаатар хотыг холбосон нислэгийн чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан. Иймээс шинээр нээж буй энэхүү тогтмол нислэгийн шугам нь баруун европын улс орнуудтай найрсаг харилцааг бэхжүүлж, соёл, эдийн засаг, бизнес, аялал жуулчлалыг олон талаар хөгжүүлж, иргэдийн харилцан зорчих боломжийг хялбаршуулж байгаагаараа чухал.Парис руу шууд нислэг үйлдэх тухай мэдээлэл гарснаас хойш анхны нислэгийн тасалбар хэдийнээ зарагдсан” гэдгийг онцлов.
5
120 хүний суудалтай “Аэрбус” А319 агаарын хөлгөөр үйлдэх энэхүү нислэг ирэх зургадугаар сарын 9-нөөс эхлэн Улаанбаатар хотоос өглөөний 07:00 цагт хөөрөх гэнэ. Замдаа шатахуунаа цэнэглэх зорилгоор ОХУ-ын Перм, эсвэл Екатерингбург хотод техникийн буулт хийнэ. Шатахуунаа цэнэглэж дуусаад Францын нийслэл Парис хотын “Шарль дэ Голль” олон улсын нисэх буудалд орон нутгийн цагаар 13:00 цагт /Улаанбаатарын цагаар 20:00 цагт/ газардах ажээ.
5
Улаанбаатараас Парис хотын чиглэлд зорчих энгийн ангиллын тийзний дундаж үнэ /бүх такс, хураамж ороод/ нэг талдаа 1.366.700 төгрөг, хоёр талдаа 2.290.300 төгрөг байна. Харин Парисаас Улаанбаатар хүртэл нэг талдаа 692 евро, хоёр талдаа 1070 евро байх юм байна. Харин тийзний үнэ худалдан авах өдрийн валютын ханшаас шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөх юм байна.
5
“Хүннү Эйр” компани ийнхүү Франц улсын Парис хот руу шууд нислэг үйлдэх болсноор хоёр орны төдийгүй Европ, Африк, Өмнөд Америкийн улс орон руу шууд зорчих гарц нээгдэж байна. “Хүннү Эйр” компани Улаанбаатараас Парис хүртэл нислэгийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа бөгөөд энэ ондоо зургадугаар сарын 9-нөөс есдүгээр сарын 5-ны өдрийн хүртэл долоо хоногийн даваа, баасан гаригуудад үйлдэхээр төлөвлөж байна.
5
Харин 2015 онд А330-200 онгоц худалдан авснаар 280 хүний суудалтай том онгоцоор бүтэн жилийн турш 2-4 удаагийн давтамжаар Улаанбаатараас Парис хот хүртэл тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Ингэснээр Улаанбаатар-Парис чиглэлд А330 агаарын хөлгөөр замдаа зогсохгүй шууд нисэх аяллын хугацаа 9 орчим цаг болон багасна гэдгийг “Хүннү Эйр” компанийн Коммер хариуцсан дэд захирал Б.Маргад хэллээ.
5 П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ