Б.Батцэрэн: Ёс зүйн дүрмээр шүүгчид тавигдах стандартыг тодорхойлсон
Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооноос Шүүгчийн ёс зүйн дүрмийг өнгөрсөн долоо хоногт нийт шүүгчдийн 97.3 хувийнх нь дэмжлэгийг авч баталсан билээ. Энэ дүрэм нь 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм. Шүүгчийн ёс зүйн дүрмийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэнтэй ярилцсанаа хүргэж байна.
й
-Шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах зайлшгүй шаардлагатай байсан юм уу?
-Өдрөөс өдөрт даяарчлагдан буй ертөнцтэй хөл нийлүүлж, хүний эрх, шударга ёсыг дээдэлсэн, иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлж, түүний амин сүнсийг хамгаалахад хуульчдын гүйцэтгэх үүрэг, тэдэнд нийгмийн зүгээс тавигдах шаардлага өсөн нэмэгдэж байна.
ый
Улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлагыг дагаад нийгмийн харилцааг зохицуулах сайн хууль, эрх зүйн орчноос гадна түүнийг хэрэгжүүлэх хуульчдын мэдлэг чадвар, ёс зүйн асуудал чухлаар хөндөгдөж байна. Нийгмийн захиалгаар шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэтгэл эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор Шүүгчийн ёс дүрмийг өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж батлах зайлшгүй шаардлагатай болсон гэж үзэж болно.
Ы
-Дүрмийн төслийг боловсруулсан ажлын хэсэг төсөл боловсруулахдаа юуг жишиг болгон харгалзан үзэв?
-Шинээр батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд Шүүгчийн ёс зүйн дүрмийг Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо батлахаар болсон тул дүрмийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүдээс гадна ёс зүйн чиглэлээр судалгаа хийж, сургалт явуулж байсан туршлагатай шүүгч нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Ы
Ажлын хэсгийн гишүүд дүрмийн төслийг боловсруулахдаа урьд нь дагаж мөрдөж байсан ёс зүйн дүрмийг бусад улс орны шүүгчийн ёс зүйн дүрмүүдтэй харьцуулан судалж үзсэнээс гадна Шүүгчийн эрх байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх процессын хуулиуд болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийн холбогдох заалтуудтай уялдуулж, шүүгчдийн өнөөгийн ёс зүйн төлөвшил, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзсэн. Түүнээс гадна дүрмийн төслийг нийт шүүгчдээрээ хэд хэдэн удаа хэлэлцүүлж, ирсэн ач холбогдолтой, ажил хэрэгч саналуудыг нэг бүрчлэн хамтын зарчмаар хэлэлцэж, төсөлдөө тусгасан.
Ы
Ер нь улс орнуудын Шүүгчдийн ёс зүйн дүрэм өөр өөр байдаг нь тухайн улс орны хуульчдын ёс зүйн соёл, төлөвшил, уламжлал, зан заншил, нийгэм эдийн засгийн хөгжлийн төвшинтэй салшгүй холбоотой байдаг. Тийм ч учраас нийгмийн харилцаа хөгжихийн хэрээр хуульчдад тавигдах шаардлага өсөн нэмэгдэж, ёс зүйн дүрэм шинэчлэгдэх нь эрүүл бөгөөд байх ёстой үзэгдэл.
Й
-Шинээр батлагдсан дүрмийн өмнөх ёс зүйн дүрмүүдээс юугаараа ялгаатай юм бол?
-Шинээр батлагдсан ёс зүйн дүрэм өмнөхөөс илүү нарийвчилсан зохицуулалттай болсноос гадна шүүгчийн хараат бус байдлыг хангах талаар шинэлэг зохицуулалтуудыг оруулж өгсөн. Тухайлбал, шүүгч олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглахтай холбоотой заалтуудыг анх удаа шинээр томьёолсон. Өмнөх 2010 онд батлагдсан Шүүгчийн ёс зүйн дүрэмд Шүүгчийн үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмуудыг Бангалорын зарчимд тулгуурлан томьёолж, уг зарчимд нийцүүлэн шүүгчийн дагаж мөрдөх хэм хэмжээг тодорхойлсон нь түүний өмнө 2003 онд батлагдсан ёс зүйн дүрмээс дэвшилттэй болсон гэж үздэг.
Й
Энд нэг сонирхолтой түүх дурдахад, 2003 оны Шүүгчийн ёс зүйн дүрмийг боловсруулах үеэр АНУ-ын Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрөөс нэг шинэ заалт нэмж оруулах санал өгсөн юм. Энэ нь шүүгчийн гаргасан ёс зүйн зөрчлийг мэдсэн өөр шүүгч энэ талаар зохих байгууллагад мэдээлэх үүрэгтэй, өөрөөр хэлбэл зөрчлийн хажуугаар нүдээ аниад өнгөрсөн шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн, хариуцлага тооцох тухай заалт байсан. Гэвч тухайн үед АНУ-ын шүүгчийн ёс зүйн дүрэмд байдаг уг заалтыг шүүгчид ойлгож хүлээн авах, дагаж мөрдөх цаг нь болоогүй, ёс зүйн төлөвшил энэ хэмжээнд хүрээгүй байна гэж үзээд дээрх саналыг хүлээж аваагүй.
Й
Яг үнэндээ шударга шаардлага тавьсан ажилтнаа нүд үзүүрлэх, асуудалд найзан дундаа хандах хандлага аль ч салбарт түгээмэл байсан үе. Харин түүнээс хойш хуульчдад зориулсан ёс зүйн сургалтуудад дээр дурдсан нөхцөл байдалд хуульчдын хандах хандлага, тэдний сэтгэл зүйг өөрчлөхөд их анхаарсан. Ингээд 2010 онд Шүүгчийн ёс дүрмийг шинэчлэн батлахдаа дээр дурдсан заалтыг Хариуцлагатай байдлын зарчимд “… өөртөө болон бусдад зарчимч байдлаар хандаж, шударга бус байдалтай үл эвлэрнэ” гэсэн ерөнхий агуулгаар тусгасан нь өмнөхөөс дэвшилттэй боловч заавал дагаж мөрдөх хэм хэмжээ байдлаар оруулж чадаагүй юм.
Ө
Тэгвэл 2014 онд шинээр баталсан шүүгчийн ёс зүйн дүрэмд уг заалтыг “Шүүгч нь бусад шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг үл тэвчинэ” гэсэн хэм хэмжээ байдлаар нарийвчлан тусгаж оруулсан. Эндээс Монгол Улсад явагдаж байгаа эрх зүйн шинэчлэлийн давалгаан дор хуульчид, түүний дотор шүүгчдийн ёс зүйн талаарх ойлголт, сэтгэлгээ өнгөрсөн хугацаанд хэрхэн төлөвшиж, тэдний нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлага, олон нийтийн зүгээс тавих шаардлага өсөн нэмэгдэж байгааг харж болно.
Й
-Ёс зүйн дүрмийг шинэчлэн баталсны гол ач холбогдол?
-Ажлын хэсгийн зүгээс Шүүгчийн ёс дүрэм нь зөрчил гаргасан шүүгчид хариуцлага тооцох хэрэгсэл гэхээсээ илүү шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж, тэдний ёс зүйтэй, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, улмаар шүүгчдийг таагүй байдал, эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой гэдэг талаас нь харж дүрмийн төслийг боловсруулсан. Дүрмийн зорилго ийнхүү томьёологдсон, гарах үр дүн ч гэсэн ийм байх болно гэдэгт итгэж байна. Цаашид Шүүгчдийн хорооны зүгээс шинээр батлагдсан ёс зүйн дүрмийг сурталчлах, шүүгчдийн дунд хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах, гарын авлага боловсруулах зэрэг олон ажил биднийг хүлээж байна.
Й
-Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалсан Ёс зүйн шинэ дүрмийн дагуу ажиллах шүүгчдэдээ хандаж хэлэх үг?
-Ёс зүйн дүрмээр шүүгчид тавигдах ёс зүйн хамгийн наад захын стандарт шаардлагыг тодорхойлсон гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс цааш хязгаар үгүй. Тийм учраас шүүгчид хамтран баталж, дагаж мөрдөж, хэрэгжүүлэх ёс зүйн дүрмээ улам боловсронгуй болгох талаар байнга бодож, хэлэлцэж, ёс зүйн соёлоо хөгжүүлж байхыг хүсч байна.
Й
Миний хувьд урьд нь ёс зүйн чиглэлээр сургалт явуулж байхдаа “Ёс зүй та бидэнд ямар хэрэгтэй вэ” гэдэг асуулт тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж, эцэст нь “Та биднийг аз жаргалтай байхад хүний амьдралын утга учир, мөн чанарыг судалдаг ёс зүйн шинжлэх ухаан туслах юм байна” гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрдэг байсан.
ы
Өөрөөр хэлбэл, аз жаргалтай, сэтгэл хангалуун байхыг хүсэх нь хүний мөн чанар, хүсэл зориг юм бол ёс зүйн зарчим, шаардлагыг ойлгож, хүлээн зөвшөөрч, өөрийн хувийн зан чанар болгон төлөвшүүлж, дагаж мөрдөж чадсан хүн л аз жаргалтай байдаг гэсэн логик урган гардаг юм. Тийм болохоор мэргэжил, зорилго нэгт нөхөддөө “Аз жаргалтай хуульч” байхыг хүсэн өрөөе.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ