НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай Аржинтина Матавелтай уулзлаа

img

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа НҮБ-ын ХАС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Аржинтина Матавелийг 2011 оны 1 дүгээр сарын 12 ны өдөр ЭМЯ-ны Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзав. Уулзалтанд НҮБ-ын ХАС-гийн шадар суурин төлөөлөгч Ч.Оюунцэцэг, ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Г.Золбаяр нар байлцлаа. Хатагтай Аржинтина Матавел НҮБ-ын ХАС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын 2011 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн талаар Эрүүл мэндийн сайдад танилцуулж, санал солилцсон юм. Эрүүл мэндийн сайд өнгөрсөн хугацаанд НҮБ-ын ХАС-гаас Монгол улсын Засгийн газартай амжилттай хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, талархал дэвшүүлэв.

НҮБ-ын ХАС-гийн Ерөнхий захирал манай улсад энэ оны 4 дүгээр сарын 4-8 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хатагтай Аржинтина Матавелтай уулзах үеэрээ энэхүү айлчлалыг өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулах талаар санаа тавьж байгаа тухайгаа яриад уг айлчлал нь үлэмж ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

НҮБ-ын ХАС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Аржинтина Матавел хоёр талын хамтын ажиллагааны талаар өөрийн байр суурийг илэрхийлээд цаашид илүү үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд болон НҮБ-ын ХАС-гийн Ерөнхий захирлын айлчлалыг зохион байгуулах ажилд идэвхи зүтгэл гарган оролцоно гэдгээ илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ