Барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн ослын тоо буурчээ
Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт барьж буй 17 болон түүнээс дээш давхар барилга байгууламжийн ажлын явц байдал, барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдлын мөрдөлт болон эрүүл ахуйн тухай, хөдөлмөрийн тухай зэрэг хууль, журмын биелэлтийг шалгах зорилгоор МХЕГ-аас хяналт шалгалтыг зохион байгуулжээ.
Барилгын ажил явагдаж байх үеэр хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль дүрмийг зөрчсөний улмаас өнгөрөгч 2013 онд нийт 39 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч түүнд 14 хүн өртөн нас барж, 18 хүн тахир дутуу болж, есөн хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан байна. Энэ нь судалгаанаас үзэхэд 2013 онд барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн ослын тоо өмнөх 2012 оноос 43.4 хувиар буурчээ. Ингэхдээ осолд өртөж нас барсан иргэний тоо 50 хувиар буурч, осолд өртөн тахир дутуу болсон иргэдийн тоо 44.4 хувиар нэмэгдэж, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан иргэдийн тоо 73.5 хувиар буурсан байгаа аж.
Харин 2014 он гарсаар барилгын салбарт хүний амь нас үрэгдсэн таван осол гараад байгаа. Сүүлийн есөн жилд буюу 2005-2013 онд барилгын салбарт нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн осолд өртөн нас барж, 130 хүн тахир дутуу болж, 272 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан тухай албаны хүн мэдээлсэн.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ