Дөрвөн барилгын ажлын үйл ажиллагааг түр зогсоожээ
МХЕГ-ын удирдамжийн дагуу барилгын салбарт гарч буй удаа дараагийн осол аваарыг бууруулах, осол аваар гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт баригдаж буй 17 болон түүнээс дээш давхар барилга байгууламжийн ажлын явц байдалд хяналт шалгалт хийжээ. Тус хяналт шалгалтанд нийт 20 цогцолборын 51 барилга, 32 аж ахуйн нэгж, байгууллага, 90 гаруй инженер техникийн ажилтан хамрагдсан байна.
A
Шалгалтын явцад давхардсан тоогоор нийт 880 зөрчил илрүүлж 214 зөрчлийг газар дээр нь арилгуулан, 19 сая 790 мянган төгрөгийн торгууль ногдуулж, улсын байцаагчийн үйл ажиллагаа зогсоох тухай 12 акт үйлдэж, найман өргөх байгууламжийн ашиглалт, дөрвөн барилгын ажлын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авчээ. Тодруулбал, 2013 онд улсын байцаагчийн актаар угсралтын ажил нь зогссон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “М-Си Эс” ХХК-ийн захиалгаар барьж байгаа “Интернейшнл центр”, “Индустр” ХХК-ийн “Соёмбот өргөө”, Чингэлтэй дүүрэгт иргэн К.Пүрэвийн оффис үйлчилгээний барилга, “Макс өргөө” ХХК-ийн зочид буудал, үйлчилгээний барилгуудад илэрсэн зөрчил дутагдал арилаагүй байсан тул үйл ажиллагаа зогсоох тухай актын үйлчлэлийг үргэлжлүүлэхээр болсон байна.
s
Хяналт шалгалтад хамрагдсан барилгуудад Барилгын тухай хуулийн хэрэгжилт 60.5 хувь, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт 55.7, барилгын өргөх байгууламжийн хууль тогтоомжийн хэрэгжилт 40, Газрын харилцааны холбогдох хуулийн хэрэгжилт 56, геодези, зураг зүйн чиглэлээрх хуулийн хэрэгжилт 37.25 хувьтай үнэлэгдсэн аж.
s
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ