Залуу судлаачид сурагчдад зориулсан өдөрлөг зохиов
ШУА-ийн дэргэдэх Залуу судлаачдын “Geoeco” клубээс санаачлан ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдад экологийн боловсрол олгох, тухайн чиглэлээр суралцах сонирхолтой сурагчдад мэдээлэл хүргэх үүднээс эрдэм шинжилгээний байгууллага болон байгаль орчны чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудыг танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд 23, 24 дүгээр дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдад Шинжлэх ухааны академи болон Геоэкологийн хүрээлэнгийн бүтэц, үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилго, судалгаанаас гарсан зарим үр дүнгийн талаар танилцуулав. Мөн түүнчлэн экологийн боловсрол олгох үүднээс Монгол орны экологи, цөлжилт, экосистемийн бүрэлдэхүүн болох ойн нөөц, төлөв байдал, түүний ач холбогдол, газрын төлөв байдал, нөөц түүний ач холбогдол, усны нөөц, түүний ач холбогдол болон байгаль орчинд үзүүлж буй хүний буруу үйл ажиллагаа, үүнээс хэрхэн сэргийлэх талаар илтгэл хэлэлцүүлжээ.
Мөн энэ үеэр Байгаль орчин буюу газар, ус, ой мод, экологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн элсэлтийн нөхцөл, сургалтын төлөвлөгөөний талаар мэдээлэл хийн, сурагчдын сонирхсон асуултад хариулт өгсөн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ