40-өөс дээш насныхан “дээшээ”
Энэ насныхныг хэрхэн хойш түлхэж байгаа талаарх таагүй жишээнээс эхлэх болж байгаа даа хүлцэл өчье. Хамгийн ойрхон жишээ бол Яармагийн дэнжид байгаа байрны бүртгэлд 35 -аас дээш настай бол “хэрэггүй ” болж байна. Ажлын байрны тухайд бол ярилтгүй, бүр цаашаа. Монголд бол эрт дээрээс 40 хүрсэн насан дээрээ эрчүүд ид гэгдэж эмэгтэйчүүд намба сууж жигдэрсэн хүмүүс гэж хүндлэгдэж тэр хэрээрээ алба ажлын аль хариуцлагатай дээр тохоогддог байж. Харин энэ үе бол 40 насныханд хатуу байна л гэж байна. Ажлын байранд тавигдах шаардлагаар бол 40 нас явчихсан нас гэх болжээ. Биологийн нас талаасаа бол 40-өөд нас нь хүний ид үе буюу дунд насны шилжилтийн үе гэж тооцогддог байна. Мөн энэ насныхан хамгийн их хөдөлмөрч бүтээлч байх онцлогтой. Ямар нэг байдлаар алдсан бол тэр цаг хугацаа, боломжоо нөхөх гэж маш их эрч хүч, шаргуу байдал гарган ажилладаг ба нийгэмд эзлэх байр сууриа нэмж, хариуцлагаа өндөрсгөж, гэр бүлдээ тавих анхаарал халамж нь хамгийн өндөр байдаг гэдэг.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 40-өөс дээш насны ажил идэвхтэй хайж байгаа 12 мянган иргэн Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаагаас 3500 гаруй нь нийслэлд байдаг гэжээ. Ажлын байрнаас нас заалгаж гадуурхагдсан эдгээр иргэдээ төр энэ жилдээ л шахуу ажлын байртай болгоно гэж амлаад байгаа. 40-өөс дээш насны дор хаяж 3000 иргэнийг ажил, орлоготой болгоход төр дэмжлэг үзүүлнэ гэж Ерөнхий сайд амалсан.
“40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” саяхан нээлтээ хийлээ. Өөрсдөдөө зориулж тусдаа хөтөлбөр батлуулах хэмжээнд хүртлээ асуудал болсон шилжилтийн бүлэг бий болсон гэж ойлгогдохоор. Гэхдээ төрийн халамж ингэж онцгой тусаад байгаа нь энэ насныхан сонгуулийн насны хамгийн идэвхитэй бүлэг гэдэгтэй ч цаагуураа холбоотой нь нууц биш.
Хөтөлбөрийн хүрээнд 40- ээс насныхан сургууль цэцэрлэгийн орчимд явган хүний гарц зохицуулах, иргэдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх эргүүлийн ажлууд, байгаль хамгаалах болон нөхөн сэргээх төслүүдэд хамрагдаад урамшуулал авах зэрэг ойр зуурын ажил хийж болох бол цаашаа томроод дангаараа буюу хамтраад хувийн аж ахуй эрхлэж болох гэнэ. Энэ тохиолдолд төр тоног төхөрөөмж авах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь борлуулахад дэмжлэг үзүүлнэ гэжээ Дээрх чиглэлүүдээр 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж энэ жил 3,1 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Бас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж энэ жилийн төсөвт тусгасан 17 тэрбум төгрөгийн эх үүсвэрээс 40-өөс дээш насныхан зээл авах боломжтой ч гэж банйа.
Гэхдээ дээрхи амлалтууд нас заасан болохоос бүгд л ажлын байр нэмэгдүүлэх, ЖДҮ хөгжүүлэх гэдэгт байнга л зарлагдаж байдаг чихнээ дасал болсон хөтөлбөрүүд. Нэгэнт баталсан ерөнхий төлөвлөгөөнөөс сугалж аваад “40- ээс дээш насныхан дээшээ “ гэж нэр зүүгээд зарлаж байгаатай л адил хэрэг. Энэ нь доороо нэгждээ, хүндээ буугаад ирэхээр таг мухарддаг ужиг дутагдалтай. Ганц 40- дээш насныхан гэхгүй төрөөс зарладаг ажлын байр бий болгох хөдөлмөр эрхлэлт, ЖДҮ- г дэмжих зэрэг нь хүнд хүрэхээсээ илүүтэй агаараар танил талаараа явагддаг, эхэндээ их мөнгө цацаж шоу сурталчилгаа талаа хөөсөн хэлбэртэй болоод байгаа. 40-өөс дээш насныхан үүнийг харин нэг мэдэхтэйгээ. Тэд өнөөдөр нэгийг, маргааш хоёрыг амжуулах бодит зорилготой болсон хүмүүс. Тэд зам дээр оюутан банди нар шиг замын тэмдэг өргөөд зогсохоос хашаандаа төмс сонгино суулгаж байвал намартаа гэр бүл нь шинэ ногоотой шөл уухыг харж тооцоолж чадна.
Тэдэнд агаарын амлалт хэрэггүй юм. Төрийн байгууллагаас бүртгэж бөөгнүүлснээр бол идэвхтэй ажил хийж байгаа 12 мянга гаруй 40-өөс дээш насныхан байгаа юм байна. Аймаг хотод энэ хэдхэн хүнийг бүсчилж цуглуулж уулзалт хийгээд тэр зарцуулах гээд байгаа 3 тэрбумаасаа яаж хувиарлаж юуг нь дэмжиж өгөхөө яриад, бэлэн байгаа ажлын байраа танилцуулаад эхэлбэл бодитой ажил дэмжлэг болох л байх. Ийм хэмжээний үр дүнтэй ажил зохион байгуулах зардлыг аливаа хөтөлбөрийн нээлт, анонс брошур хэвлэх, хэвлэл мэдээллээр балбаж тархи угаах төлбөр зэрэгт үргүй цацсаар байгаа юм. Төрийн ийм үрэлгэн шоу, сонгуулийн нүхээ ухсан компанит ажилд 40 дээш насныхан бол нэг их огшиж, нулимсаа унагахгүй л байх. Тэд бол хий нь гарсан томчууд ба , хийж бүтээх бодит зүйл дээр суудлаасаа босч, хийж эхэлсэн бол харагдах үр дүн гаргах хүмүүс.
Төр ч гэсэн аливаад шоу хийхээ татаж 40 гарсан эр хүн шиг ухаан тулх зааж, тооцоо үндэслэлтэй хөдөлдөг байвал иргэд бидэнд хаялгатай байх юм.
,
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ