Геологийн салбарын эрхзүйн орчинг шинэчилж байна
Монголын геологийн холбооноос “Монголын геологи хайгууль 2014” чуулга уулзалтыг Оросын шинжлэх ухаан, соёлын төвд зохион байгуулж байна. Чуулганаар геологийн салбарын өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэх, төрийн байгууллага бодлогоо танилцуулах, түүнд геологчдын санал бодлыг тусгахаас гадна геологийн ажлуудын үр дүнг танилцуулж байна. Нээлтэд Уул уурхайн сайд Ч.Ганхуяг оролцож “Төрөөс эрдэс баялгийн салбарт 2025 он хүртэл баримтлах бодлогод төр хувийн хэвшлийн түншлэл, хууль эрх зүйн тогтвортой байдал, байгаль орчны хамгаалал, орон нутгийн иргэдтэй харьцах харилцаа, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, Монголын Геологийн албыг байгуулах зэрэг тулгамдсан олон асуудлыг зохицуулахаар тусгаж, түүнчлэн энэ салбарт хөрөнгө оруулалт татах, урт хугацаанд тогтвортой хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэр хүндийг дээшлүүлэх зорилтуудыг багтаасан түүхэн чухал ач холбогдолтой баримт бичиг болсон. Монголын геологийн албаны бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох талаар бодлогын баримт бичигт тусгагдсаны дагуу УИХ-д өргөн барих Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд дээрх асуудлуудыг тусгаад байна” хэмээсэн. Мөн Уул уурхайн яам удахгүй засгийн газраар хэлэлцүүлэх “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс тогтоосон газарт олгох, геологи хайгуулын ажил, ашигт малтмалын ордын нөөц, баялгийн үнэлгээг зөвхөн мэргэжлийн байгууллага, мэргэшсэн, дадлага туршлага бүхий салбарын мэргэжилтнүүд гүйцэтгэдэг байх зэрэг эрх зүйн орчинг бүрдүүлэхээр тусгасан байна.
5
Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны хөтөлбөрт геологи хайгуулын ажилд зарцуулах улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 2016 онд Монгол улсын нутаг дэвсгэрийн 40 хувийг 1: 50,000 геологийн зураглалын ажлаар бүрхэх зорилтын хүрээнд 2013 онд 7,3 тэрбум төгрөгийн төсөвт ажил гүйцэтгэсэн бол 2014 онд 10 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөөд байгаа. Мөн, 2014 онд багтаан ашигт малтмалын ордын нөөц, баялгийг тайлагнах систем, ангилалыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд олон улсын CRIRSCO байгуулагын гишүүнээр албан ёсоор элсэх бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад байна.
5
Дашрамд дурдахад, хувийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа ашигт малтмалын геологи, хайгуулын ажлын дүнд өнгөрсөн жилийн байдлаар холимог металл 16,950 тонн, алт 11 тонн, зэс 260 мянган тонн, мөнгө 64 тонн, цайр 137 мянган тонн, нүүрс 1.7 тэрбум тонн, хайлуур жонш 1.1 сая тонн, шохойн чулуу 285 сая тонн, гөлтгөнө 2.4 сая м3, элс-хайрга-шавар 11 сая шоо метрээр тус тус нөөц нь нэмэгдсэн байна.
5
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ