Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөлдөв
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах үндэсний семинар өнөөдөр БОНХЯ-ны Хаан танхимд боллоо. Ой, хээрийн түймрээс хамгаалах талаар төрийн зохицуулалтын үр нөлөөт байдлыг дээшлүүлэх, талуудын оролцоог хангах зорилгоор зөвлөлдсөн уг уулзалтанд БОНХЯ, ОБЕГ, ХХЕГ, МХЕГ, Мөрдөн байцаах газрын байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн түймрийн мониторингийн төвийн удирдлага,мэргэжилтнүүд болон аймгуудын түймрээс хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга нар оролцов.
й
Сүүлийн жилүүдэд манай оронд гарсан ой, хээрийн түймэрт олон мянган га ойн баялаг, бэлчээрийн чухал ач холбогдол бүхий газар нутгууд өртөн байгаль, экологийн асар их хохирол учирсаар байгаа төдийгүй иргэдийн аж амьдралд түймрийн үзүүлж буй сөрөг нөлөөлөл улам ихэссээр байна. Тиймээс уулзалтанд оролцогчид ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг сайжруулах менежментийн зарим асуудлууд, ой хээрийн түймэр унтраах, тэмцэх ажлын өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга замуудын талаар эхлээд ярилцлаа.
й
Монгол Улсын Ойн тухай хуулийн хүрээнд БОНХЯ-наас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарал хандуулан ажилласны үр дүнд түймрээс урьдчилан сэргийлэх эрхзүйн орчин бүрдэж, орон нутагт түймрээс хамгаалах менежментийн зөв тогтолцооны суурь тавигдаж эхэллээ. Тухайлбал, 2013 оны түймрийн зарим мэдээллийг 2012 онтой харьцуулахад Улсын хэмжээнд гарсан ой, хээрийн түймрийн нийт тоо 20,6, ойн түймэрт шатсан талбай 98.2, түймэр гарсан сумын тоо 24.3- иар тус тус буурсан байна.
й
Ийнхүү эерэг үр дүн гарч байгаа хэдий ч бүс нутаг, цаашлаад дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол оронд нөлөөлж, цаг агаарын аюулт үзэгдэлд тооцогдох зуд, цасан шуурга, шороон шуурганы давтамж, хамрах хүрээ нэмэгдсээр байгаа аж. Эдгээр байгалийн үзэгдлээс сэргийлэх боломж тун бага бөгөөд, харин ой хээрийн түймрийн байгальд учруулж буй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх боломжтой юм. Манай орны түймрийн ихэнхи нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гардаг. Иймд түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг иргэн бүрийн ухамсар, хариуцлагад чиглүүлснээр түймрээс үүдэлтэй байгалийн баялгийн хорогдолт, цөлжилтийг бууруулах боломжтой гэдгийг уулзалтанд оролцогчид онцлон ярилцав. Түүнчлэн байгалийн түймрийн судалгаа шинжилгээний ажлын чиглэл, үр дүнгийн тухай, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдээллийн сүлжээг боловсронгуй болгох, түймрийн шалтгаан, эзэн холбогдогчийн илрүүлэлт, хэрэг бүрдэлтийн асуудал, улсын хилийн дагуу бүс нутгийг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар үргэлжлүүлэн ярилцаж, харилцан санал солилцов. Хурлын төгсгөлд “Ой, хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөл”-ийн 2014-2016 онд хийх ажлын үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.
б
“Ой, хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөл” нь төрийн байгууллагууд хоорондын ажлын уялдаа, холбоог хангах, үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэйгээр 2008 онд байгуулагдсан билээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ