Гахайн өвчний голомтыг дарах хөрөнгийг нийслэлээс гаргана

img

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын энэ сарын 24-ний өдрийн ээлжит зөвлөгөөнөөр Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар  тус дүүрэгт  гахайн үржил, амьсгалын хам шинж өвчин гарч 300 гаруй гахайг устгасан. Ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд шаардлагатай хөрөнгийг нийслэлээс яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн. Уг асуудлыг шийдвэрлэж нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/213 дугаар захирамж гаргасан байна.

,

Захирамжийн дагуу нийслэлийн Налайх  дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэн М.Дамдинхүүгийн гахайн аж ахуйд гарсан гахайн үржил, амьсгалын хам шинж өвчний голомтыг дарах, халдваргүйжүүлэх, өвчин нэмж тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулан ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт үүрэг болгожээ. Өвчний голомтыг дарах, халдваргүйжүүлэх, өвчин нэмж  тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах 30 538 000 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр болсон байна.

,

Иргэн М.Дамдинхүүгийн гахайны ферм нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан бөгөөд халдваргүйжүүлэх, урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулаагүйгээс өвчин гарсан талаар Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ