Цөмийн эрчим хүчинд сүжиггүй хэрнээ станц байгуулах газар хайхын учир юу вэ

img

Монгол улс ураны салбарт баримтлах бодлогоо 100 жилийн хугацаагаар төлөвлөж, улмаар ураны ордуудаа эргэлтэд оруулах бодлогыг засгаас идэвхитэй барьж эхлээд буй. 24 мянга орчим тонн буюу манай улсын хамгийн их ураны нөөцтэй Дорнод ордыг Монгол, Орос хамтран шинээр байгуулсан “Дорнод-Уран” компани ашиглаж эхлэх гэж байна. Гэхдээ зөвхөн Оростой биш, Франц, Япон зэрэг цөмийн энергийн салбарт арвин туршлагатай улс орнуудтай түншлэхээр шийдэгдсэн, яригдсан асуудлууд бий гэдгийг хэлэх хэрэгтэй.

Түүнчлэн уранаа олборлохын сацуу цөмийн эрчим хүчийг ашиглахын тулд Атомын цахилгаан станц барих нь зөв гэдгийг манай тал яриад байгаа. Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Малхийн тал гэх газарт тэрхүү станцаа барьж байгуулахаар тогтож Японы мэргэжилтнүүдээр шинжүүлээд байгаа юм. Улмаар Олон улсын атомын энергийн агентлагийн 19 болзлыг хангахуйц хэмжээнд судалгааны ажлаа гүйцэтгэж, техникийн нөхцлүүдээ ил ойлгомжтой болговол цаашид үйлдвэр байгуулах асуудал шийдэгдэнэ гэсэн байр суурьтай байдаг.

Гэхдээ манай талын хүсэл эрмэлзлэлийг ОУАЭА албан ёсоор мэдэж буй нь эргэлзээтэй. Учир нь Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Ерөнхий захирал Ю.Амано манай улсад айлчлаад буцахдаа хэлж ярьсан зүйлс дотор нь цөмийн цахилгаан станц барих талаар нэг ч үг байгаагүй бөгөөд хорт хавдартай тэмцэх, ураныг ашиглахад хамтарч ажиллах талаар л ярьсныг мэргэжлийн хүн хэлж байна.

Ер нь төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогод цөмийн цахилгаан станц барина гэсэн заалт байхгүй бөгөөд станц барих тал дээр ОУАЭА-тай хамтарч судалгаа хийх тухай манай талаас зарчимын байр сууриа ч илэрхийлж байгаагүй аж. Гол нь одоогоос 6 жилийн өмнө 2025 он хүртэлх Монгол улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээ, хангалтын нэгдсэн төлөвлөлтийн талаар албан ёсны судалгааг гаргахдаа цөмийн эрчим хүчинд ач холбогдол өгч дорвитой тусгасан нь үгүй аж.

Ер нь бол Тавантолгой гэдэг нүүрсний том ордыг ашиглалтад оруулах гэж байгаа, нүүрсээ илүүтэй шүтсэн энэ үед эрчим хүчний үндсэн эх үүсвэрийг нүүрс л гэж харж байна. Цаашлаад цөмийн эрчим хүч нь эдийн засгийн хувьд үр ашигтай эсэхэд эргэлзэх хандлага бий. Гэсэн мөртлөө цөмийн цахилгаан станц барих газраа сонгоод яваад байгаа нь сонирхолтой юм.

Түүнчлэн барьж байгуулах дээрээ тулаад техник-эдийн засгийн үндэслэлээ гаргахдаа олон улсын хэмжээнд хэрэглэдэг аргачлалуудыг хэрэглэх хэрэгтэй гэж байна. Үүний тулд ОУАЭА-ийн мэргэжилтнүүдэд санал тавин, хамтрах ёстой болж байгаа юм. Өдгөө ийм судалгаа хамтарч хийх саналыг 60-аад улс орон ОУАЭА-т ирүүлээд байгаа аж.

Түүнчлэн ОУАЭА-ийн Ерөнхий захирлыг манай улсад айлчлах үеэр нөөц нь байгаа учраас станцыг нь барих эсэх нь хэр боломжтой эсэхийг ярилцаж, судалгаа хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэх хэрэгтэй байсан ч, тэгээгүй. Цөмийн цахилгаан станц нь байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлэх вэ. Эдийн засагт ашигтай байж чадах уу гэдгийг судлаагүй байж дээр хэлсэнчлэн шууд станц байгуулах газраа хайгаад яваад буйд мэргэжилтнүүд шүүмжлэлтэй ханддаг.

Өнгөрөгч 2010 онд манайд айлчилсан ОУАЭА-ийн ерөнхий захирал Юкияа Аманотой цөмийн цахилгаан станцын тухай тодорхой ярьж, судалгаа хийх тал дээр хүсэлт тавих нь зөв байсан гэгдэж буй.

Харин ЦЭГ-аас түүнд ураны судалгаа, хайгуул, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах үеийн дүрэм, журам, эрх зүйн хэм хэмжээний актуудыг боловсруулах, шинэчлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ураны хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналт тавих, хүрээлэн буй орчны цацрагийн аюулгүйн үнэлгээний чиглэлээр мэргэжилтэн албан хаагчдыг урт болон богино хугацааны сургалтанд хамруулах, цөмийн болон цацрагийн хяналтын мэргэжилтнүүдийг сургах, давтан сургах, хөгжилтэй орнуудын туршлага судлахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед авах арга хэмжээний талаар сургалт, семинар зохион байгуулах, Байгаль орчны цацрагийн хяналт болон геологийн дээжинд цацрагийн шинжилгээ хийх иж бүрэн лаборатори байгуулах болон лабораторийн мэргэжилтнүүдийг өндөр хөгжилтэй орны эрдэм шинжилгээний хүрээлэн болон лабораториудад дадлага хийлгэх, шинжилгээний арга аргачлалыг эзэмших, мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байгаа.

Уг нь манайд жижиг оврын цахилгаан станц тохирох байх гэж мэргэжилтнүүд хэлж буй ч, барьж байгуулахтай холбоотой судалгааг хийгээд албан ёсоор дүнг нь гаргуулж, ашигтай эсэхийг тодруулсны дараа ямар технологи манайд тохирох вэ гэдэг нь ойлгомжтой болох ёстой аж.

Э.Болороо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ