Хөрсний өвс шатсан дуудлага ихэсчээ

img

Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн гал түймрийн 10 дуудлагаар харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.

Онцгой байдлын газарт ирүүлсэн дуудлагаас харахад сүүлийн үед өвс шатах тохиолдол нэлээд гарч байна. Тухайлбал, өчигдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд айлын хашаанд болон Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбын рашааны хажууд 0,2 га талбайд хөрсний өвс шатсан,  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын уулын аманд өвс шатаж байсныг унтраажээ.

Хаврын улиралд хуурайшилт явагдаж, ой хээрийн түймэр ихэсдэг. Түймэр гарах шалтгааны 90 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болдог гэж мэргэжилтнүүд үздэг.  Тухайлбал, хүмүүс хөдөө хээр тамхи татаад гүйцэт унтраалгүй хаях, хашааныхаа өвсийг цэвэрлэн шатаахдаа дутуу унтраах нь түймэр үүсэх шалтгаан болдог. Иймээс ард иргэдийг дээрх үйлдлүүддээ сонор сэрэмжтэй хандаж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг НОБГ-аас анхаарууллаа.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ