Хонины ястай мах 200-700 төгрөгөөр өсчээ
Нийслэлийн томоохон хүнсний захуудад махны үнэ өнөөдрийн байдлаар өмнөх 7 хоногоосоо өссөн үзүүлэлттэй гарчээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харахад “Хүчит шонхор”, “Барс” худалдааны төвд үхрийн ястай мах 2-5 хувиар өсчээ. Тус захуудад үхрийн ястай мах кг нь 8500-9000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа бол “Хархорин” захад өмнөх 7 хоногоосоо үхрийн ястай мах 200 төгрөгөөр буурч, кг нь 8300 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж буй аж. Харин үхрийн цул махны үнийн тухайд “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Барс” зэрэг захуудад энэ долоо хоногт 500-700 төгрөгөөр өсч, 10500-12500 төгрөгийн үнэтэй болжээ.
Хонины ястай мах “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Барс” худалдаан төвд 200-700 төгрөгөөр өсөн, кг нь дунджаар 7500 төгрөгийн үнээр худалдаалагдаж байна. Хонины цул мах Улаанбаатарын хүнсний захуудад өнгөрсөн долоо хоногт кг нь 7600-8500 төгрөг байсан бол энэ долоо хоногт дунджаар 500 төгрөгөөр нэмэгджээ. Харин адуу, ямааны махны үнэд өөрчлөлт ороогүй хэмээн Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурдсан байв.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ