
Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтууд боллоо. Өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн дэд аварга Манчестер Юнайтед Швейцарийн Базель клубтэй тоглосон тоглолт хөлбөмбөгийн ертөнцөд дуулиан дэгдээлээ. Премьер лигийн аварга, Аваргуудын лигийн дэд аварга Базельтай тэнцэхэд л дараагийн шатанд үлдэхэд хангалттай байсан ч энэ боломжийг нь Швейцарийн клуб хааж орхилоо. Тоглолт эхлээд 9 дэх минутад Базелийн Марко Стреллер тоог 1:0 болгосон бол тоглолтын төгсгөлд Александр Фрэй 2:0 болгон шуугиан дэгдээсэн.
Эцсийн мөчид Жонсын гоол англичуудад бага зэрэг найдвар төрүүлж МанЮ-гийн төгсгөлөө гайхалтай хийдэг дүр төрх тодорч ирсэн ч нэгэнт оройтсон байлаа. Бөмбөг мянгантаа бөөрөнхий байгаад ч Манчестер Юнайтедыг бурхан харсангүй.
Ингэснээр МанЮ хэсгийн тоглолтод бүдэрч Аваргуудын лигээс “эрт үүрээр” хасагдлаа. Хэсгийн тоглолтын хамгийн том сенсаацыг тарьж чадсан Швейцарийн Базель клуб энэ хэсгээс Португалийн Бенфикатай хамт ялгуусан баатрын төрхтэйгээр дараагийн шатанд үлдэж байна.
Челси клуб өчигдрийн байдлаар үүргээ амжилттай биелүүлж фэнүүдээ гомдоолгүй дараагийн шатанд үлдэж чадсан бол Манчестер Юнайтед хасагдаж томоохон асуудал дагуулж нутагтаа буцлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ