МСҮТ-ийн суралцагсдын тэтгэмжээс шимтгэл авах ёсгүй
Засгийн газрын “11 11 төв”-д 3 дугаар сарын 27-оос 4 дүгээр сарын 4-нийг хүртэл 823 иргэн холбогдож санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдөл ирүүлсэн байна. МСҮТ-ийн суралцагсдын тэтгэмж 190 мянган төгрөгөөс сургалт явуулж байгаа газрууд нь эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварыг суутгаж байна гэсэн гомдол цөөнгүй иржээ.
,
Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамрагдан суралцаж байгаа иргэдэд сарын тэтгэлэг, хоолонд зориулан 190,0 мянган төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу энэ зардлаас нийгмийн даатгалын шимтгэл болон бусад шимтгэл тооцож авахгүй гэсэн хариуг Хөдөлмөрийн яамнаас өглөө.
,
Мөн 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн талаар тодруулсан иргэний асуултад, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 40-өөс дээш насны ажил олоход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг тусгайлан дэмжих зорилт тусгагдсан.Энэхүү зорилтын хүрээнд хөдөлмөрийн яамнаас “Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр болон “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр‘’-ийг шинээр боловсруулж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр батлуулсан. Хөтөлбөрүүдийн зорилго нь 40-өөс дээш насны иргэдийг өөрөө өөртөө ажлын байр бий болгох санал, санаачилгыг дэмжих, түүнчлэн ажлын байраар хангах асуудал юм.
,
Дээрх хөтөлбөр, арга хэмжээнүүд энэ оны 2-р сарын эхнээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд өөрийн харъяалагдах аймаг дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэс болон Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд хандан хамрагдах боломжтой гэж хариулжээ.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ