
Аваргуудын лигийн B хэсэгт оросууд шуугиан дэгдээлээ. ЦСКА клуб гайхалтай тоглолт үзүүлж Интерийг 2:1-ээр хожиж чадсанаар 8 оноотой болсон. Улмаар 6, 5 оноотой жагсаж байсан Туркийн Трабзонспор, Францын Лилль нар хоорондоо гоолгүй тэнцсэнээр дараагийн шатанд үлдэх өөрсдийн боломжоо хааж оросуудыг баярлууллаа.
Энэ тоглолтын өмнө мэргэжилтнүүд Интерийг ЦСКА хожих магадлал бага учраас Трабзонспор Лиллийн аль хожсон нь хэсгээсээ хоёроор гарах боломжтой хэмээж байсан ч тэдний таамаглалыг ЦСКА клуб өөрсдийн хүчээр өөрчилсөн гэхэд болно. Тоглолтын сүүлийн хагас эхэлснээс хойш 50 дахь минутад ЦСКА-гийн легионер Сейдоу Думбиа гоолдсон бол ердөө нэг минутын дараа сөрөг довтолгооноор Интерийн довтлогч Стебан Камбиассо тоог тэнцүүлсэн юм. Харин тоглолтын төгсгөлд Василий Березуцкигийн гоол ЦСКА-г ийнхүү Аваргуудын лигт үлдээсэн юм.
Ингэснээр B хэсгээс Италийн Интер 10 оноотой, ОХУ-ын ЦСКА 8 оноотойгоор тус тус хэсгээсээ дараагийн шатанд үлдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ