
Татварын ерөнхий газрын ажилтан, албан хаагчид долоо хоног бүрийн пүрэв гаригийн өглөө ажил эхлэхээс 30 минутын өмнө цугладаг. Төрийн болон хувийн хэвшлийн бусад байгууллагуудад төдийлөн хэвшээгүй энэ арга хэмжээ бол Татварын ерөнхий газрын Мэдээллийн цаг нэртэй тогтмол үйл ажиллагаа бөгөөд тухайн долоо хоногт хэрэгцээ шаардлагатай мэдээллийг хүргэх, ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, шинэ мэдээлэл дуулгах боломж олгодгоороо ач холбогдолтой юм.
Энэ пүрэв гаригийн Мэдээллийн цагийг ТЕГ-ын Хууль эрхзүйн хэлтсээс зохион байгууллаа. Мэдээллийн цагаар ХЗДХЯ-ын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫГ БАТЛАН ГАРГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА сэдвээр мэдээлэл хийв.
Тус мэдээлэлд, Хэм хэмжээний актыг боловсруулах, батлах үе шатыг хэрхэн тодорхойлох болон тус актыг ХЗДХЯ-аар хянуулах, бүртгүүлэх явц, онцлог, тусгай зохицуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм. Татварын албаны тухайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг учраас төрөл бүрийн акт, журмуудыг гаргадаг. Эдгээрийг хуульд нийцүүлэн боловсруулах асуудал туйлын чухал бөгөөд Хууль зүйн яамны мэргэжилтний дээрх мэдээлэл цаг үеэ олсон чухал мэдээлэл боллоо хэмээн ТЕГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Бат-Эрдэнэ онцлов. Мэдээллийн дараа зарим байцаагч холбогдох сэдвээр асуулт асууж, хариулт авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ