Жеймс Камерон: Би бүх зүйлийг төгс хийдэг
Нэрт найруулагч Жеймс Камероныг үзэгч олон “Терминатор”, “Харийнхан”, “Титаник”, “Аватар” гэх сод бүтээлээр нь андахгүй. Тэрбээр 10 удаагийн “Оскар”-ын шагналтай. Энэ сарын 15-нд “Титаник” хөлөг живж осолдсоны 102 жилийн ой тохиож байгаа юм. Найруулагч энэхүү өдрийг тохиолдуулан дэлхийн сор болсон “Титаник”, “Аватар” уран бүтээлүүдийнхээ гэр музейг Канадын Торонто хотод нээхээр болжээ. “Vogue” сэтгүүлд өгсөн түүний сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
:
-Гэр музейдээ яагаад заавал энэ хоёрыг онцолсон юм бол?
-Би амьдралынхаа турш 80 уран бүтээл дээр ажилласан. Тэд бүгдээрээ миний хүүхдүүд л гэсэн үг. “Титаник”, “Аватар” хоёр миний сод ухаантнууд учраас л.
:
-Таныг хүмүүс харь гаригийнхантай уулзаж байсан гэж ярьдаг. Тэгээд л эрүүл хүний ухаанаас хэзээ ч гарахгүй үлэмж цэнхэр биетийн кино хийх сэдэл төрсөн гэж ярьж байхыг сонссон. Нэгэнт та “Титаник”, “Аватар” хоёрыг сод ухаантнууд гэж үзэж буй учир дахиад л энэ хоёрын талаар ярилцмаар байна. Нэг зүйлийг асуухад, таны оюун ухаан биднээс хэр зэрэг тасарсан вэ?
-Хөгжилтэй л юм. Энэ түүх нь ерөнхийдөө уламжлалыг хадгалсан боловч бид үйл явдлын өрнөлийг ер бусын болгохыг хичээсэн. Үйл явдал нь өөр ертөнцөд өрнөж байгаа, аймшигтай, сэтгэл түгшээсэн тийм кино хийхийг л хүссэн. Би хүүхэд байхаасаа л янз бүрийн адал явдлын ном уншдаг байсан. Сургуульд байхдаа тооныхоо номоо урдаа тавьчихаад харь гаригийн гэж хэлмээр янз бүрийн хүнийг зурдаг байлаа. Харь гаригийнхантай уулзахыг ямар их хүсч байна гээч. Миний тархи энгийн хүнийхээс том биш, судлаараа л илүү байж магад.
:
-Та энэ киноны зохиолыг бичихэд бараг 15 жил зарцуулсан. Үзэгч олон Камерон хаачихав аа гээд л. Баатрууддаа зориулан ер бусын адал явдал бодож олоход хэцүү байсан юм уу?
-Гол баатар Жейкийн хувьд гэвэл түүний дүрийг бүтээх хүнийг олоход хэцүү байсан. Жейк өөрийгөө сорихын тулд тэнгисийн цэрэгт алба хаахаар явдаг. Тиймээс түүнд Пандориа гараг руу явахыг санал болгоход шууд л зөвшөөрдөг. Сэм Уортингтон энэ дүрийг бүтээх бүх л чанарыг агуулсан жүжигчин. Түүний нүд нь үргэлж гялалзаж байдаг, шавхагдашгүй их эрч хүчтэй хүн.
.
-“Титаник”, “Аватар” хоёрын гол дүр хоёулаа л Жейк гэх нэртэй юм. Энэ нэр тантай ямар холбоотой юм бэ?
-Миний анхны хүүхэд. Харамсалтай нь хоёр настайдаа нас барсан юм. Тиймээс л хүүгээ дэлгэцэн дотроо амьдруулахыг хүсдэг.
.
-Та харь гаригийнхны тухай бүтээл хийхдээ яагаад сүүлийн үеийн техникийг ашигласныг гайхаад л байна. Жүжигчдийнхээ нүүрийг будаад гаднах байдлыг нь өөрчилж болох байсан шүү дээ. Тэдний чадварыг улам дээшлүүлээд?
-Бид жүжигчдэд өөрсдийгөө шинэ аргаар илэрхийлэх боломж олгож түүнд нь ямар нэгэн хязгаарлалт тавиагүй. Нүүр будалтын өрөөнд таван цаг суух тэр цагийг хэмнэж дүрээ бүтээхэд зориулъя гэж бодсон. Шинэ техникийн тусламжтайгаар хүн гаднах байдлаа яаж хувиргаж, хэдэн настай ч болж болно. Тэр бүү хэл хүйсээ ч сольж болно. Нүүр будалтад цаг зарцуулалгүйгээр шүү дээ. Би цагийг зүгээр урсгахыг үзнэ яддаг. Би “Титаник” дээр 15 хоног алдаж байсан. Нүүр будалтаас болж.
.
-Таны нэр болон албан тушаалын өмнө үргэлж л “Нэрт, агуу” гэсэн үг дагалдаж явдаг. Яг л хаан Жеймс Камерон гэж буй мэт?
-Миний бүтээлүүд агуу байна гэдэг би ч гэсэн агуу байна гэсэн үг. /Инээв/
.
-Та жүжигчдийг юугаар нь сайн муу гэж дүгнэдэг вэ?
-Жүжигчин гэж хэлүүлж байгаа бол тэд муу байх ёсгүй.
.
-Кино сонирхогчдын сайн мэдэх “Терминатор”, “Харийнхан”, “Титаник”, “Аватар” зэрэг кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг уран бүтээлүүдийг туурвисан уран бүтээлч бол та. Энэхүү гайхалтай уран бүтээлүүдээ эргэж үзэхэд алдсан зүйл байдаг уу?
-Үгүй. Би бүх зүйлийг төгс хийдэг. Миний сэтгэлд нийцэж, төсөөлөлтэй минь 100 хувь нийцсэн зүйлийг л би дэлгэцнээ гаргадаг.
.
-Би “Титаник” кинонд нөхрөөсөө илүү хайртай байх. Та болон танай багийнхан далайд шумбаж Титаник хөлөг дээр энэ онд л гэхэд таван удаа очсон гэсэн. Юу хийсэн юм бэ?
-“Абиссын сүнснүүд” баримтат киноны зарим хэсгийн зураг авалтыг хийсэн юм. Бид тэр дор яг юу байгааг харахыг хүссэн юм. Бид өөрсдөө өндөр техник, технологиор хүрээлүүлсэн сансрын нисгэгчид ч юм шиг. Тэгж байтал харанхуйн дундаас Титаник өөр ертөнцөөс ирсэн юм шиг л гэнэт гараад ирсэн. Би тухайн үеийн нөхцөл байдлыг бодитоор нь илэрхийлэх гэж оролдож байгаа ч үнэндээ маш их сэтгэл хөдлөм байсан болохоор догдлоод болохгүй юм.
.
-Сэтгэл тэгж их хөдөлсөн гэж үү. Эсвэл далайн мандлаас доош 3800 метрийн гүнд жижигхээн шумбагчтай, буцаж эх газар дээр гарч чадах эсэхдээ итгэлгүй байсан болохоор айсан юм болов уу?
-Нэг өдөр шумбагчид маань техникийн асуудал гараад. Бид шумбагчтайгаа “Титаник”-ийн хитэг дээр газардсан юм. Миний таамагласнаар “Титаник” сүйрч байхад хэсэг хөгжимчид хүмүүсийн тайвшруулахаар хөгжмөө тоглосоор байсан тэр хэсэг дээр бид буусан байсан. Үнэхээр аймаар санагдсан. Харин далайн мандалд гарч ирснийхээ дараа би зүгээр л суугаад уйлж эхэлсэн. Тэгэхэд л би 100 жилийн өмнө усан онгоцон дээр болсон тэр эмгэнэлт явдлыг бүрэн гаргаж чадаагүйдээ өөрийгөө голсон хэрэг.
.
-Түүхэнд “Титаник”-ийнхаас олон хүн нас барсан олон осол сүйрэл байдаг. Яагаад үүнийг онцлох болов?
-Тухайн үед нийгмийн өөрчлөлттэй холбоотой. Технологийн дэвшил гарч, хүмүүс онгоц бүтээж, гэрэл цахилгаан ид хэрэглээнд орсон нэлээд өөдрөг цаг үе байсан. Хүмүүс юм бүрийг нь гэрэл гэгээтэйгээр харж төсөөлж байсан. Усан онгоцны эзэд ч “Титаник”-аар маш их бахархаж, бардамнаж байсан. Гэтэл гэнэт санаанд оромгүй явдал болж, олон хүний ирээдүйн тухай гэрэл гэгээтэй төсөөлөл Титаниктай хамт живсэн. Өнөөдөр ч гэсэн санаанд багтамгүй зүйл гэнэт болохыг үгүйсгэхгүй, цөмийн дайн ч юм уу. Тийм зүйл болж болдгийг “Титаник”-ийн сүйрэл харуулсан. 2001 оны есдүгээр сарын 11-нд алан хядагчид АНУ-д 3000 гаруй хүний аминд хүрсэн тэр аймшигт өдөр би “Титаник” руу шумбаж байсан. Тэгээд 12 цагийн дараа л тийм явдал болсныг мэдсэн. Магадгүй дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст байсан хүмүүсээс энэ талаар хамгийн сүүлд мэдсэн хүн нь би байх. Тэгэхэд би түүхийн өөр нэг онцгой явдал болж байхад яагаад би түүх рүү шумбаж таарсан юм бол оо гэж бодож байсан. Хүмүүс ер нь яагаад “Титаник”-ийг тэгж их үздэг гэж бодож байна. Зарим нь уйлах гэж. Хагацал гэдэг бидний амьдралын нэг хэсэг. Энэ кино бол хайр үхлийн тухай өгүүлдэг. Хайрын нэг хэсгийг үхэл тодорхойлдогийг харуулдаг.
.
-“Титаник” дээр одоо ч нууцлаг зүйл олон байгаа болов уу?
-Үл тайлагдах бяцхан нууцууд хаа сайгүй л байдаг. Жишээ нь, бид “Титаник” дээрх утасгүй цахилгаан холбоо дамжуулдаг “Marconi” гэдэг өрөөнд яг ослын үеэр юу болж байсан талаар төсөөлж болно. Бид шумбахдаа тэр өрөөний байдлыг ажигласан. Унтраалгуудын байрлалыг харсан. Оператор Жон Филлипс, Харолд Брайд нар цахилгаан эрчим хүчний хяналтаа алдахгүйг хэрхэн хичээж байсан нь тэндээс харагдаж байсан. Брайд амьд гарсан ч Филлипс сураггүй болсон. Брайд энэ талаар ярихдаа “Түүнийг хамгийн сүүлчийн удаа харахад мэдээгээ дамжуулан ажилласаар л байсан” гэсэн байдаг. Магадгүй гэрэл цахилгаан тасарч, утасгүй холбооны машин унтрах тэр агшинд Филлиппс гарах гэж оролдсон л байж таарна. Гэхдээ хэтэрхий хожимдсон байсан байх. “Титаник”-ийн нууц аажим аажмаар үгүй болсоор байгаа. Тиймээс бид заримыг нь хэзээ ч мэдэж чадахгүй байх.
.
-“МН370” онгоц сураггүй болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ нууцлаг онгоц таны анхаарлыг татахгүй байна уу?
-Маш их татаж байна. Би орой болгон энэ онгоцны тухай боддог. Заримдаа энэ онгоцонд сууж байгаагаар өөрийгөө төсөөлдөг.
.
-XXI зууны тайлагдашгүй нууц болоод энэ онгоцоор кино хийхийг үгүйсгэхгүй юу?
-Магадгүй л юм. Тэгэхдээ би нэг бүтээл гаргахад хамгийн багадаа 7-10 жил зарцуулдаг.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ