Үнэ нэмэгдсэнийг шүлхийтэй холбон тайлбарлав

img

Амралтын өдрөөр махны үнэ ханш ямар байгааг тандахаар “Хүчит шонхор” захыг зорилоо. Захын үүдээр оров уу үгүй юу хонь ямааны гулууз, үхэр адууны өвчүү, гуяны мах ачсан машинаар зогсоол талбай дүүрсэн харагдана. Харин худалдан авагч цөөн байлаа. Гадаа талбайд хөдөө орон нутгаас ирсэн малчид махаа бөөндөж, нөөцийн махны худалдаа явагддаг тул хөл хөдөлгөөн их байдаг гэсэн ч энэ өдөр үйлчлүүлэгч багатай байв. Бөөний махны худалдаан дээр ихэвчлэн жижиглэн махны ченжүүд бие биенээсээ уралдан аль өнгөтэй өөдтэйг нь авч байгаа харагдана. Хажуугаар нь нөөцийн мах авч яваа хүн мэр сэр ажиглагдана.

.

Харин махны жижиглэн худалдаа явагддаг байшинд хүн хөдөлгөөн ихтэй байлаа. Гэхдээ худалдан авалт хийхээсээ илүүтэйгээр нааш цааш холхиж махны ханш судлан ямар мах авахаа мэдэхгүй эргэлзэж тээнэгэлзсэн хүмүүс олон харагдана. Түүнчлэн махны үнэ нэмэгдсэнд бухимдах хүмүүс цөөнгүй харагдаж байсан ч арай хямд худалдаалагдаж буй нөөцийн махны худалдааг зорих хүн бараг байсангүй. Шалтгааныг тодруулахад нөөцийн мах амт чанар муутайн дээр идэхэд хатуу байдаг гэнэ. Энэ өдөр “Хүчит шонхор” захад  нэг кг хонины мах 7000-7800, үхрийн ястай мах 8300-9000, үхрийн цул мах 9300-9800, адууны цул мах 8000-8500, ямааны мах 6000-6800 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 200-1000 төгрөгөөр нэмэгдээд байгаа аж.

.

Шүлхий гарсанаас махны үнэ нэмэгдсэн

.

Махны худалдагч О.Цолмонтуяагаас үнэ нэмэгдэж байгаа шалтгаан, худалдан авалтын талаар тодрууллаа.

.

-Махны үнэ ойрдоо яагаад өсөөд байна. Юунаас шалтгаалж байгаа юм бол?

-Ер нь бол бага зэрэг л нэмэгдсэн байгаа. Хонины мах гэхэд 200-300 төгрөгийн хооронд нэмэгдсэн байна. Шүлхий өвчин гарсан учраас нийлүүлэлт муу байгаа. Дээрээс нь орон нутгаас ирж байгаа ченжүүд махаа үнэтэй нийлүүлж байгаа болохоор бид ч гэсэн алдагдалд орохгүйн тулд үнийг нэмнэ шүү дээ.

.

-Иргэдийн худалдан авах чадвар ямархуу байна?

-Үгүй яахав дээ боломжоороо авцгааж л байна шүү дээ. Голдуу хонь, үхэр, адууны мах л авдаг даа.

:

Нөөцийн мах 5300 төгрөгийн үнэтэй байна

.

Зах дээр улсаас нөөцөлсөн махны худалдаанаас гадна хувиараа нөөцийн мах бэлтгэн худалдаалж байгаа хүн ч цөөнгүй байсан юм. Тэдний нэг бол Баянхонгор аймгаас ирсэн Ж.Эрдэнэ-Очир гуай юм. Тэрбээр өнгөрсөн 11 сард нөөцийн мах бэлтгэсэн гэнэ. Түүнээс борлуулалт хэр байгааг лавлахад “Зоорьны махны үнэ шинээр ирж байгаа махаа бодвол харьцангуй тогтвортой л доо. Борлуулалт гайгүй ээ. Өдөрт 50-60 гулууз мах зардаг. Хүмүүс боломжоороо л авдаг. Энэ лангууны хүүхнүүдээс гадна бусад захын худалдаачид ирж авдаг юм” гэж байлаа. Ийн биднийг ярилцах зуур хоёр ч хүн ирж худалдан авалт хийсэн. Түүний яриаг үргэлжлүүлэн цаад талын машинаас үхрийн махны бөөний худалдаа эрхэлдэг хижээл насны нэгэн эр “Худалдан авалт муу байна. Архангай аймгаас баахан үхрийн мах аваад ирсэн. Нэлээн алдагдалд орох нь ээ. Хамгийн бага үнээрээ л зарж байна. Хүмүүс авахгүй л байна шүү дээ” гэж нэлээд халагласан байртай ярьж байлаа.

:

50 мянганаар 5 кг мах л авах нь

.

Борлуулагчидтай ийн ярилцсаны дараа худалдан авагчдын сэтгэгдлийг сонссон юм.

:

Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Баатар: Үнэтэй байна. Би 10-аад хоногийн өмнө мах авах гээд энд ирсэн л дээ. Тэр үед кг-ийг нь 5500 төгрөгөөр тэмээний мах авсан. Тэгсэн одоо 6000 болчихсон байна. Үхрийн мах бол бүр харахын заяа байхаас хазахын заяа алга гэдэг чинь л болчихсон байна ш дээ.

:

Сүхбаатар дүүргийн өндөр настан  Г.Дэнсмаа: Махны үнэ арай дэндчихсэн байна. Хамгийн доод үнэ нь 8300 төгрөг гэж байна. Энэ байдлаар яаж ч амьдрах юм мэдэхгүй ээ. Хамгийн хямд газар гээд ирсэн чинь ялгаагүй үнэтэй болж байх шиг байна. 50 мянган төгрөгтэй ирсэн. 5 кг мах л авах нь байна ш дээ. Арай л дэндүү байна аа.

.

Оюутан Г.Солонго: Ойрд мах худалдаж аваагүй болохоор үнэ нэмэгдсэн талаар сайн мэдэхгүй байна. Ер нь бол үнэтэй санагдлаа. Ямартай ч байгаа мөнгөндөө тааруулаад ямааны мах, хонины элэг аваад явж байна. Хонины элэг 2500, үхрийнх нь 3000 төгрөг гэж байна.

 :

“Хүчит шонхор” захаас бусад хүнсний зах, худалдааны төвүүдээр мах ямар үнэтэй байгааг судлахад:

.

                                   “Бөмбөгөр”                           “Баянзүрх”                   “Меркури”

худалдааны төв               хүнсний зах                       хүнсний зах

ҮХРИЙН МАХ \цул\            10000-10500                   10500-10800                 13000

                                        \ястай\  9500-9800               9300-9800                  12000

ХОНИНЫ МАХ                   7000-8000                           7200-8300                   9800

АДУУНЫ МАХ                   7800-8500                            8300-8800                  11000

ЯМААНЫ МАХ                 6000-7000                             6500-7300                  9300

төгрөгөөр тус тус худалдаалагдаж байлаа.

:

Махны нийлүүлэлт үнэд нөлөөлөх хэмжээнд багасаагүй

.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ж.Алтанзулаас зарим зүйлийг тодрууллаа.

:

-Захын ченжүүд хөдөө орон нутгаас орж ирж байгаа махны нийлүүлэлт багассан учраас үнэ нэмэгдсэн гэж байна. Нийлүүлэлт хэр байна вэ?

-Хаврын махны бэлтгэл, ялангуяа шинэ махны бэлтгэл зүүн аймгуудаас түлхүү орж ирдэг. Зүүн аймгуудад малын шүлхий өвчин гарч нэлээд хугацаанд хорио цээрийн арга хэмжээ авагдсан. Өвчний тархалт тогтворжиж улмаар өмнөх долоо хоногоос хорио цээр тавигдаж эхэлсэн. Энэ жилийн хувьд өвчин гарсантай холбоотойгоор өмнөх жилүүдээ бодвол махны нийлүүлэлт харьцангуй бага байна. Нийслэлийн хэмжээнд 12 тонн нөөцийн мах бэлдсэн. Гэсэн хэдий ч борлуулалт одоогийн байдлаар бол тааруу байгаа. Энэ байдлаас ажиглахад нийлүүлэлтээс шалтгаалаад махны үнэ өндөр байна гэж үзэхгүй байна. Нийслэлийн Засаг даргын ажлын албаны мэргэжилтнүүд энэ асуудал дээр дүгнэлт хийж байгаа байх. Бидний хувьд нийслэлийн хэмжээнд худалдаалагдаж байгаа мах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал талаас түлхүү хяналт тавьж ажилладаг.

:

-Нийслэлд орж ирж байгаа маханд эрүүл ахуйн үүднээс хяналт шалгалтуудыг хэрхэн хийдэг вэ?

-Хөдөө орон нутгаас орж ирж буй малын гаралтай бүтээгдэхүүнд нийслэлийн хэмжээнд байнгын үйл ажиллагаатай 5 товчоо хяналт шалгалт хийж ажилладаг байгаа. Сая шүлхий өвчин дэгдэлтийн үед 3 товчоо нэмэгдэж ажилласан. Үүнд манай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар болон цагдаагийн байгууллагын ажилчид 24 цагаар ажилласан.Орон нутгаас орж ирж байгаа бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээг нь үзэж шалгаж оруулдаг. Мөн түүнчлэн тээвэрлэлтийн явцад чанар байдлаа алдсан эсэхийг шалгаж үзээд зөрчил илэрсэн тохиолдолд лабораторийн шинжилгээнд хамруулдаг. Товчоогоор дамжин орж ирсэн бүтээгдэхүүн цаашаагаа худалдааны төвүүд дээр байрлан ажилладаг мал эмнэлгийн лабораториор мөн орж анхан шатны шинжилгээ хийсний үндсэн дээр гэрчилгээ олгодог. Энэ байдлаар малчид хүнсний зах, худалдааны төвүүдээр мах худалдаалах эрхээ авдаг.

:

Б.Нямсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
mongolchuud er ni yumny vniig osgoj oorsdiigoo doroi bolgodgoos bish buulgadag yum uu.esvel muudsan hugatsaa ni duussan yum l buuj magad
2014-04-08