Саналын хуудас тээвэрлэж явсан машиныг дэлбэлжээ
Афганистаны хойд хэсгийн Кундуз мужид бөглөсөн саналын хуудас тээвэрлэж явсан ачааны машиныг дэлбэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтээс болж машины жолооч, цагдаагийн ажилтан, сонгуулийн ерөнхий газрын гурван ажилтан амиа алджээ. Гэмт этгээдүүд саналын хуудас хийсэн найман хайрцгийг шатааж, хоёрыг хулгайлсан тухай цагдаагийн газраас мэдэгдэв.
Ерөнхийлөгч болох магадлалтай гурван нэр дэвшигч энэхүү мэдээллийг сонсоод саналын хуудсыг хуурамчаар үйлдэх вий гэж болгоомжилж байгаагаа мэдэгдэж, Сонгуулийн ерөнхий газар энэ хэргийг анхааралдаа авахыг хүсчээ. Энэхүү үйл явдлын улмаас тус улсын Ерөнхийлөгч Хамид Карзай, халдлага үйлдэгсдийг сонгуульд саад учруулсан хэргээр шийтгэхээ мэдэгдсэн байна. Афганистанд Ерөнхийлөгчийн сонгууль болон орон нутгийн сонгуулийн санал хураалт өнөөдрөөр өндөрлөж байгаа юм. Санал хураалтад сонгуулийн насны 12 сая иргэний 9.2 сая нь саналаа өгчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ