Талын дайчдын өв соёлтой танилцаарай

img

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баяр энэ онд тохиож байгаа. Үүний хүрээнд цуврал үйл ажиллагаа зохион байгуулж буйн нэг нь өнөөдөр нээлтээ хийсэн “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэн юм. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн доктор Ц.Төрбат ахлагчтай судлаачид “Монгол Алтай судлалын хүрээлэн”-тэй хамтран 2008-2010 онд “Монгол Алтайн баруун хэсгийн түүх, археологийн дурсгалууд II, Ховд” төслөөр олон тооны дурсгал илрүүлсэн. Энэ судалгааны дүнд монголчуудын оршуулгын нэгэн хэлбэр болох хадны оршуулгыг тусгайлан судалж олдворуудыг Герман улсад 3 жилийн турш сэргээн засварлаж бэхжүүлсний дараа эх нутагтаа буцаан авчирч байгаа юм. “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд VII-XIII зууны үе буюу 700-1400 онд хамаарах археологийн олдвор, Түрэгийн үеийн дайчдын төмөр дөрөө, эмээлийн мод, оломны арал, Хятан гүрний үеийн эсгий хэвнэг, малгай, торгон дээл, загасны хайрсаар хийсэн хавтага зэрэг анх удаа Монгол нутгаас илэрч олдсон олдворууд болон XIV зууны үеийн дайчдын бүсний тоног, модон аяга зэрэг 160 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлжээ.

5

Туульч Баатаржав “Бүх алтан нудрам” туулийг хайлснаар эхэлсэн үзэсгэлэнгийн нээлтэд Соёл спорт аялал жуулчлалын сайд С.Оюунгэрэл, БСШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Марлийс Тийдеманн, ШУ-ны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж, Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар нар оролцон үг хэллээ.

 5

Хоёр сар үргэлжлэх үзэсгэлэнгийн нээлтийн үеэр С.Оюунгэрэл сайд “Өнгөрсөн жил олдворын тухай сонин хэвлэлүүдэд гараад байсан нэлээдгүй сэжиг таамагт энэхүү үзэсгэлэн хариу өгөх байх” хэмээн найдаж байгаагаа хэлсэн. Элчин сайд Марлийс Тийдеманн “Энэхүү үзэсгэлэнг зөвхөн монголчууд төдийгүй гадаадын иргэд, жуулчид ч сонирхох байх гэж бодож байна. Тиймээс ч  монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна” гэдгээ хэлсэн үгэндээ онцолж байлаа.

 55

Үзмэрүүдээс хөгжмийн зэмсгийг онцолж байсан ШУ-ны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин “Монголчууд эрт дээр үеэс хөгжмийн мэдрэмж авьяастай байсныг энэ зэмсгүүд гэрчилж байна. Нөгөө талаар хөгжмийн зэмсэг хийх технологи, ур чадварыг эзэмшсэн байсан нь харагдаж байна” хэмээж байлаа. Үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүдээс Алтайн ятга хөгжим олны анхаарлын татаж байсан. Уг хөгжмийн зэмсгийг элдвийн залгаа наалтгүйгээр хулс модоор урласан бөгөөд савны таг болон тээгийг уд модоор хийжээ. Дагзан дээрээ дөрвөлжин нүхтэй морин толгойт чихийг хулмайлган хийсэн энэхүү ятганы доод талд буга, янгир 5 нохой болон анчин зэрэг баялаг өгүүлэмж бүхий зурагтай, савны ёроолд буга сийлсэн нь бусдаасаа онцлог юм. Мөн хажуудаа “Аялга, аялгат, аялгуужихуй” хэмээх үг сийлжээ. Уг хөгжмөөр тоглодог байсан хөгжимчний нэрийг нь Чүрээ гэдэг байсан гэнэ. Энэхүү дурсгалт хөгжмөөр хөгжимчин Д.Ганпүрэв “Дайны бурхан” бэсрэг туулийг хайлж олонд сонордуулсан юм.

5

Дашрамд дурьдахад, анх хадны оршуулга илэрсэн талаар мэдээлэл хүргэсэн иргэн Энхтөр, Н.Дандар нарыг түүх соёлын хосгүй олдворыг нээн судлахад хувь нэмэр оруулсан хэмээн талархаж Соёл спорт аялал жуулчлалын яамны хүндэт жуух бичгийг С.Оюунгэрэл сайд нээлтийн үеэр гардуулан өгсөн юм.

5

Ж.Мөнхзул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
2 dahi zurgan deer bichig ni buruu harjeee,kkkk
2014-04-09
mungzuld:
neleed bush nileed gej bichih ni zuv yum shuu.
2014-04-09