Газрын тосны үйлдвэрийг чирсэн ‘’Сэлбэ’’-ийг шургалуулах уу, зогсоох уу

img

 

УИХ дээр гадаад зээллэгийн ашиглалт, үр өгөөжийг сайжруулах тухай хуулийн төслийг эцсийн найруулгад бэлдэж байна. Эрх баригч намын бүлэг энэ асуудлаар завсарлага авч, нэгдсэн байр сууринд хүрсэн нь нэг талаасаа гацсан томоохон төслүүдийг хөдөлгөх гарц хайж эхэлснийг харуулж байгаа ч нөгөө талдаа улс төр, ашиг сонирхлын зөрчил давхар явааг илтгэж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс төсвийн сахилга батыг чангатгах зорилгоор өрийн тааз болон төсвийн алдагдлын дээд хязгаарыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, улсын нийт өр ДНБ-ий тодорхой хувиас давах ёсгүй, мөн төсвийн алдагдал ч мөн адил хязгаартай байх ёстой. Энэ нь зарчмын хувьд зөв бодлого. Гэхдээ бодит байдал дээр томоохон бүтээн байгуулалтын төслүүдээ төлөвлөхдөө энэ хязгаарлалтаа тооцоогүйгээс өнөөдөр өөрсдөө өөртөө “түгжээ” хийсэн нөхцөл үүсээд байна.

Жишээ нь, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг стратегийн төслүүдийг хэрэгжүүлэхээр гадаадын зээл, тусламж авсан. Эдгээр зээл нь харьцангуй бага хүүтэй, урт хугацааны хөнгөлөлттэй нөхцөлтэй. Гэвч төсвийн хуулийн хязгаарлалтаас болоод тухайн жилд ашиглаж болох зээлийн хэмжээ хязгаарлагдчихдаг. Ингэснээр зээл нь орж ирсэн мөртлөө зарцуулагдахгүй, төсөл нь зогсонги байдалд орж, харин хүү нь тасралтгүй өссөөр байдаг гаж нөхцөл үүссэн.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс мөнгөгүйдээ биш, мөнгөө ашиглаж чадахгүйдээ гацаанд орчихоод байна. Төсөвт суулгаагүй, тооцоолоогүй зардал нь өрийн таазтай мөргөлдөж, эцэстээ бүтээн байгуулалтаа өөрсдөө зогсоох хэмжээнд хүргэсэн гэсэн үг.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн жишээг энд дурдаж болно. Анх 2025 онд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байсан энэ төсөл ковидын дараах саатлаас гадна дотоод бодлогын алдаанаас болж улам хойшилж, одоо 2028 онд ч амжих эсэх нь эргэлзээтэй болсон. Энэтхэгийн Засгийн газраас авсан зээл орж ирсэн ч зарцуулж чадахгүй, ажил зогсож, харин зээлийн хүү үргэлжилсээр байна. Гадаад ажиллах хүч оруулж ирчихээд ажлыг нь хийлгэхгүй саатуулж байгаа нь ч бодит үнэн.

2026 оны төсөвт гадаад зээлийн ашиглалтад 1.1 их наяд төгрөг тусгасан байхад зөвхөн хоёр том төсөл дээр 1.9 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа нь асуудлын гол. Үлдсэн 800 тэрбум төгрөгийг хуулийн хязгаарлалтаас болоод ашиглаж чадахгүй нөхцөл үүссэн. Энэ байдал цааш үргэлжилбэл төслүүд 10-аас дээш жилээр сунжрах эрсдэлтэй.

Иймээс одоо хэлэлцэж буй хуулийн төслийн гол зорилго нь тодорхой гурван төсөл дээр гадаад зээлийг төсвийн ердийн хязгаарлалтаас түр гаргаж, бүрэн ашиглах боломж нээхэд чиглэж байна. Өөрөөр хэлбэл, өрийн таазын “хөшиг”-ийг хэсэгчлэн сөхөж, өмнө нь авсан хөнгөлөлттэй зээлийг үр дүнтэй зарцуулах эрх зүйн орчин бүрдүүлэх оролдлого юм.

Гэхдээ энэ асуудал цэвэр эдийн засгийн шийдэл байхаа больж, улс төрийн маргааны төвд оржээ. Учир нь дээрх хоёр стратегийн төслийн хамт Сэлбэ дэд төвийн санхүүжилт уг хуульд багтсан. Хотын удирдлагуудтай холбоотой авлигын шинжтэй асуудлууд сөхөгдөж, зарим албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн энэ үед уг төслийг хамтад нь оруулж ирсэн нь эргэлзээ дагуулж байна.

Нэг ёсондоо, зайлшгүй хөдөлгөх шаардлагатай үндэсний хэмжээний төслүүдийг дагаж маргаантай, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй төсөл “чирэгдэж” орж ирсэн нь парламентыг хүнд байдалд оруулжээ. Хэрэв хуулийн төслийг бүхэлд нь дэмжвэл Сэлбэ дэд төвийн асуудал дагаж батлагдана, харин унагавал газрын тосны үйлдвэр зэрэг төслүүд дахин гацах эрсдэлтэй.

Энэ бол бодлогын алдаа дээр улс төр нэмэгдсэн классик жишээ. Нэг талд нь эдийн засгийн бодит шаардлага, нөгөө талд нь авлигын сэжиг, эрх ашиг зөрчилдөж байна.

Монгол Улс өмнө нь авсан хөнгөлөлттэй зээлээ үр ашигтай зарцуулж, стратегийн төслүүдээ урагшлуулах уу, эсвэл улс төрийн маргаан дунд дахин гацаах уу. Шийдэл нь хууль дээр бий. Харин тэр хуулийг ямар нөхцөлтэй, ямар дагалдах ачаатайгаар батлах вэ гэдэг л хамгийн эмзэг асуудал болоод байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ