Жамухын шарил контейнэрт ''хоригдож'' байна уу?
Монголын түүхэнд анд нөхөрлөлөөс эхэлж, эцэстээ хувь заяаны өрсөлдөгч болсон хоёр их хүний нэг нь Жамуха. Жадаран аймгийн язгууртан, Хамаг Монголын ноёдын дэмжлэгийг авч “Гүр хаан” хэмээн өргөмжлөгдөж явсан тэрбээр XII зууны төгсгөл, XIII зууны эхэн үеийн тал нутгийн улс төрийн гол дүрүүдийн нэг байв. Түүний амьдрал зөвхөн хувь хүний түүх биш, харин Монголын нэгдэл, төр улс бүрэлдэх үйл явцын салшгүй нэг хэсэг нь юм.
Тэр Онон голын хөвөөнд Чингис хаан буюу Тэмүүжинтэй андгай өргөж, алтан бүс, аргамаг хүлгээ солилцон тангараглаж явсан ч эцэстээ 20 гаруй жилийн тэмцлийн дараа ялагдаж, 1205 онд хаадын ёсоор цус гаргалгүй цаазлагдсан. Түүхийн энэ эмгэнэлт зангилаа Монголын төр үүсэх замналын нэгэн бэлгэдэл болсон билээ.
Гэтэл ийм хэмжээний түүхэн хүний шарилтай холбоотой асуудал өнөөдөр олны анхаарлыг татаж, хэрвээ үнэн бол шүүмжлэх ёстой сэдвүүдийн нэг болоод байна. Тодруулбал түүхч Г.Билгүүн түүний шарилыг контейнэрт хадгалж буй гэх ноцтой мэдээлэл өгөв.
1981 онд археологич Д.Наваан Сонгинохайрханы Дадарт уулнаас илрүүлсэн шарилыг Жамухынх байж болзошгүй хэмээн үзэж, алтан бүс, нурууны гэмтлээр нь таамаглан тогтоосон тухай судалгаанууд бий. Гэвч түүнээс хойш 40 гаруй жил өнгөрсөн ч энэ асуудал төрийн бодлогын түвшинд нэг мөр шийдэгдээгүй байна. Бүр цаашлаад “контейнерт хадгалж байна” гэх мэдээлэл олон нийтийн дунд яригдаж байгаа нь өөрөө ноцтой асуудал юм.
Хэрэв энэ үнэн бол Монгол Улс өөрийн түүхийн томоохон дүрийн шарилыг шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаажуулж, зохих ёсоор хадгалж, хүндэтгэн оршуулахын оронд зүгээр л түр хадгалалтын байдалд орхисон гэсэн үг. Энэ бол зөвхөн нэг шарилын асуудал биш, төрийн түүх, соёлын өвд хандах бодлогын илэрхийлэл.
Дэлхийн улс орнууд түүхэн олдвороо үндэсний бахархал, аялал жуулчлалын томоохон нөөц болгон хөгжүүлдэг. Хаад, язгууртнуудын бунхан, археологийн олдворууд нь музей, судалгааны төв, жуулчны маршрут болж эдийн засгийн эргэлтэд ордог. Харин Монголд түүхийн ийм хэмжээний магадлалтай олдвор 40 жил “шийдэл хүлээсэн” байдалтай, бүр контейнерт хадгалагдаж байж болзошгүй нь бодлогын доройтол гэхээс өөрөөр тайлбарлах арга алга.
Соёлын асуудал хариуцсан төрийн байгууллага, яам, сайд нар энэ асуудлыг үнэхээр мэдэж байна уу, эсвэл мэдсэн ч үл тоож байна уу? Яагаад орчин үеийн ДНХ шинжилгээ, олон улсын хамтарсан судалгаа хийж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эцэслэн тогтоож болохгүй гэж? Яагаад Монголын түүхийн чухал дүрийн шарил өнөөдрийг хүртэл тодорхой статусгүй, түр хадгалалтын байдалд байна вэ?
Хэрэв энэ шарил үнэхээр Жамухынх мөн бол энэ нь үндэсний хэмжээний түүхэн өв. Харин биш байсан ч гэсэн, энэ бол шинжлэх ухааны хувьд бүрэн судалж, тодорхой болгох ёстой чухал олдвор. Аль ч тохиолдолд “контейнер” бол эцсийн хариулт биш.
Соёлын өвийг хамгаална, түүхээ дээдэлнэ гэж ярьдаг хэрнээ бодит байдал дээрээ ийм хайнга хандаж байгаа нь Монголын төр өөрийнхөө түүхэн ой санамжид хэрхэн ханддагийн бодит жишээ болж байна.
Энэ асуудал цаашид мартагдах ёсгүй. Харин ч эсрэгээрээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эцэслэн тогтоож, зохих ёсоор хүндэтгэн оршуулах, эсвэл үндэсний өвийн хэмжээнд хамгаалж, олон нийтэд ил тод болгох цаг нь аль хэдийн болсон. 40 жил хангалттай урт хугацаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ