Үр хойчийнхоо төлөө нэгдэхийг уриалав
“Цэвэр агаар, цэнгэг ус, ногоон төгөл” нийгэмлэгээс өрнүүлсэн “Ногоон торгон тууз” эко аянд манай улс 2011 онд анх нэгдэж байсан билээ. Тэгвэл энэ жил тус аянд дахин нэгдэхээр болсон тухай “Агаар ус, ногоон төсөл” нийгэмлэгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгч Канад Улсын иргэн Сатиш Сиха, “Агаар ус, ногоон төсөл” нийгэмлэгийн тэргүүн, дэлхийн топ модель, мисс Б.Гантогоо, нийгэмлэгийн зөвлөх Б. Батболд нар оролцсон юм.
Өдгөө дэлхий нийтэд тулгамдаж байгаа хамгийн гол асуудал бол экологийн тэнцвэрт байдлыг хадгалах юм. “Ногоон торгон тууз” эко хөгжлийн аянг дэлхийн улс орнууд үзэл бодол, эв санаагаа нэгтгэж өсвөр үедээ байгаль экологийн талаар зөв төлөвшлийг олгох, байгалиа хайрлан хамгаалж, байгальтайгаа зөв харьцах, зөв бодлого явуулахад чиглүүлэн хийж байгаа нь одоогоор дэлхийн 72 оронд түүчээлэн хүрээд байгаа аж. Аяны хүрээнд нийслэлд мод тарих үйл ажиллагааг өрнүүлэх бөгөөд 21 аймгаар явж хүмүүст эко боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгийг хурал зохион байгуулагчид хэлж байлаа. “Энэхүү аяны гол зорилго бол мод хүний амьдралд ямар их хэрэгтэй гэдгийг хүмүүст ойлгуулах юм” гэдгийг ч онцолж байв.
Эх дэлхий, байгаль орчноо хамгаалах зорилготой энэ аянд орон орны улс төр, нийгэм, урлаг, соёл, спорт, бизнесийн нэр хүндтэй хүмүүс нэгдэн ногоон торгон туузан дээр сэтгэгдлээ бичиж, бодит хандив, тусламж, дэмжлэг үзүүлсэн гэнэ. Канад улсын иргэн Сатиш Сиха “Хүчтэй, царайлаг харагдахыг хүссэн хэн бүхэн мод тарих хэрэгтэй. Эрүүл амьдрал, үр хойчийнхоо төлөө бүгдээрээ нэгдэцгээе” хэмээн хурлын төгсгөлд уриалсан юм. Дашрамд дуулгахад, тэрбээр өнөөдөр 17 цагт “Эко Ази” сургууль дээр байгаль орчноо хэрхэн хамгаалах талаар лекц унших гэнэ.
Б.Нямсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ