Грекийн сэтгүүлчид ажил хаяжээ

img

Грекийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнууд ажил хаяснаас радио, телевизүүд шинэ мэдээлэл дамжуулахгүй зөвхөн олон ангит кино, баримтат кино үзүүлж өдрийг өнгөрүүлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өчигдрөөс эхэлсэн тус эсэргүүцлийн жагсаалд ойролцоогоор 10 мянга гаруй хэвлэл мэдээллийн ажилчид оролцож байгаа гэнэ.

Сэтгүүлчид ажил хаясан шалтгаанаа тайлбарлахдаа, “Хөдөлмөрийн гэрээг боловсронгуй болгох, хүмүүсийн ажиллах нөхцлийг сайжруулах шаардлага тавьж байгаа” юм.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдийг ямар ч шалтгаангүйгээр халдгийг зогсоохыг удирдлагуудаасаа шаардаж байна. Ажил хаяхад хэвлэл мэдээллийн байгууллагуудын бүхий л үйлдвэрчний холбоод нэгдэж сэтгүүлчдийн холбооны зохицуулах зөвлөл эрх баригчид сэтгүүлчдийг дундад зууны үеийн нөхцөлд ажиллуулж байна хэмээн буруутгасан юм.

Грекийн Засгийн газар хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хэлэлцээ хийх санал тавьсан ч хэвлэлийхэн татгалзсан юм. Тэд “хэвлэл мэдээлэл улс төрөөс хол байх ёстой” хэмээсэн аж.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ