Хүүхдүүд зам тээврийн ослын эсрэг жагсана
“Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” маргааш тохиож байна. Үүнтэй холбогдуулан уг өдөр зохион байгуулах үйл ажиллагааны талаар нийслэлийн Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Замын цагдаагийн газраас маргаашийг нээлттэй өдөр болгон зарлаж, Чингис хааны нэрэмжит төв талбай дээр олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, нийслэлийн зургаан дүүргийн ЕБС-ийн сурагчдын төлөөллийг нээлттэй үйл ажиллагаанд оролцуулж, зам тэврийн осолд өртсөн, Ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн хүүхдүүдийн дуу хоолойг жолооч нарт захидал болон бусад хэлбэрээр хүргэх. Өнгөрөгч онд зам тээврийн осолд өртөж, амь насаа алдсан хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж гэрэлт зул өргөх, томчуудад хандсан “Намайг хайрлаач” хүүхдийн жагсаалыг зохион байгуулах юм байна.
Мөн хүүхэд багачууд зам тээврийн осолд өртөж байгаа шалтгаан нөхцлийг харуулсан “Хүүхэд замын хөдөлгөөн” гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, хүүхдүүдийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцуулах зэрэг ажлыг явуулна.
Ийнхүү нэг өдрийн туршид хүүхэд багачууд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдлөгөөний аюулгүй байдлын тухай таниж мэдэх үйл ажиллагаанд оролцох нь. “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийн үйл ажиллагаа маргааш 10:00-14:00 цагийн хооронд Чингисийн талбайд болно.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ