Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлүүдийг шалгаруулж эхэллээ

img

Монголын тэргүүлэх их, дээд сургуулиудын багш, оюутнуудын дунд явагддаг “Эврика” үндэсний эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Монголын Залуучуудын холбоон дээр эхэллээ. Тус бага хурал эдийн засаг, бизнес, техник технологи, мэдээллийн технологи, нийгмийн ухааны салбар, хууль эрх зүй, газар зүй геологи, экологи хөдөө аж ахуй, байгалийн ухаан, анаагаахын ухаан гэсэн 10 салбарын хүрээнд зохион байгуулагдаж байна. Энэ жилээс эхлэн докторын зэрэг хамгаалсан 40 нас хүрээгүй залуу багшийг оролцуулдаг болж байгаараа бага хурал онцлогтой болж буй аж.

:

Шүүгчид судалгааны ажлын үндэслэл, нийгэм эдийн засгийн хэрэгцээ шаардлага, шинэлэг санаа, илтгэх чадвар зэрэг шалгууруудыг харгалзаж, шилдэг илтгэлийг шалгаруулна. Харин шагнал гардуулах ёслолын арга хэмжээ энэ сарын 16-нд Төрийн ордонд болох нэгдсэн арга хэмжээний үеэр болох юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд ШУА-ийн эрдмийн зэрэг цолтой эрдэмтэд, их дээд сургуулийн багш нар, салбарын яам, төрийн байгууллагын төлөөлөл, МЗХ, Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн төлөөллөөс бүрджээ.

:

21 дэх жилдээ МЗХ-оос зохион байгуулж буй үндэсний эрдэм шинжилгээний бага хурал нь дээд боловсролын сургалтын бүх чиглэлийг хамарсан залуу багш, оюутны судалгааны ажлыг олон нийтэд сурталчлах, урамшуулах, судалгаа-шинжилгээний ажил хийх сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлснээр мэдлэгт суурилсан нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм. Иймд бүх их, дээд сургууль, коллежийн залуу багш, оюутнууд оролцох бүрэн боломжтой аж.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ