Егүзэр хутагтын хойд дүрийг тодруулжээ
Халхын тамгатай 13 хутагтын нэг, монгол төрийн 7 сайдын нэг Егүзэр хутагтын хойд дүрийг энэ сарын 2-нд тодруулжээ. Үүнтэй холбогдуулж өнөөдөр Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн дэд лам Н.Цамбанүрдэв, хамба лам Д.Жигмэдцамц, Гандантэгчинлэн хийдийн ахлах лам Д.Батсүрэн нар хэвлэлийн хурал хийлээ.
.
Хурлын дараа Эрдэнэмандал хийдийн дэд лам Н.Цамбанүрдэвтэй уулзаж ярилцсан юм.
.
-Егүзэр хутагтын дүрийг хэрхэн тодруулсан вэ?
-Егүзэр хутагт нь Төвдөд 4, Монголд 4 дүрээр хувилсан байдаг. Анхны хувилсан дүр нь Лувсанданзанренчин гэсэн лам хүн байсан. Мөн Лувсанбалдан, Лувсанданзаннамжил, Галсандаш гэсэн 4 дүрээр мэндэлсэн байдаг. Эрдэнэмандал хийдэд УИХ-ын гишүүн М.Зоригт өнгөрсөн жилийн 3 сард ирж Егүзэр хутагтын хойд дүрийг тодруулаач хэмээх хүсэлтийг тавьсан. Улмаар 14 хийдийн төлөөлөл болсон лам хуврагууд оролцсон Эрдэнэмандал хийдийн хаврын 12 дугаар чуулганаар Егүзэр хутагтын хойд дүрийг тодруулах нь зүйтэй гэж үзсэн. Үүнийгээ Далай багшид айлтгаснаар хутагтын хойд дүр тодорсон юм. Егүзэр хутагтын 5 дугаар дүрийг энэ сарын 2-нд Энэтхэгийн Дармасалад тодруулсан.
.
-Егүзэр хутагтын хойд дүрээр тодорсон хүнийг танилцуулахгүй юу?
-Энэхүү тодорсон хутагт маань Өмнөд Энэтхэгийн “Говийн дацан”-д очиж 10 дахь жилдээ сурч байгаа 1990 оны цагаан морин жилд төрсөн, одоо 25 настай Отгонбаярын Лувсанчойжин гэж хүн бий. Аав нь Увс аймгийн Улаангом сумын харьяа, ээж нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат юм. Бид хутагтаа 85 жил хүлээсэн.
.
-Хутагт өөрөө ямар эрдэм чадалтай хүн байсан бэ?
-Егүзэр хутагт олон дүрээр хувилж байсан. Эрдэм чадал нь хэмжээлшгүй хүн юм. Монголынхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан Монгол Улсын төрийн сайд байсан.
Егүзэр хутагт 1902 онд шар захт тамгаа хүлээж аваад 3000 орчим шавийг захирч байсан.1912 онд Монгол улсын зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайд болж, мөн 1921 онд ардын засгийг байгуулагдахад Монгол улсын зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайдаар томилогдон ажиллаж байсан. Нутаг орондоо өөрөөсөө хөрөнгө гарган шинэ сургууль байгуулсан. Мөн Өвөрмонголын 49 хошууны 35-ыг нь захирч байсан. Монголын зүүн хязгаарын Сэцэн хан аймгийн олон хошууны ардууд багшаа хэмээн хүндэлдэг байсан.
.
-Егүзэр хутагтын тодорсон дүр хэзээ эх орондоо ирэх вэ?
-Энэ зун ирэх байх. Одоогоор өдрийг нь яг тогтоогоогүй байна. Ирэхийг нь тохиолдуулаад нутаг оронд нь залж Егүзэр хутагтаар өргөмжлөн, даншиг наадам хийхээр төлөвлөж байгаа.
.
-Энэ хүнийг ямар учраас хэлмэгдүүлсэн юм бэ?
-Хутагтыг олон шавь захирч, эрх мэдэлтэй байсных нь төлөө Эрдэнэдагва гэж хүнээр хиймэл хэрэг зохиолгон Дотоодын хамгаалах яам, Оросын КГБ хамтарч хилс хэргээр гүтгэн хороосон байдаг юм.
.
-Егүзэр хэмээх нэр ямар утгатай юу гэсэн үг юм бэ?
-Төвдөөр бол Нальжирваа гэсэн үг. Эрдэм номын оройд гарсан гэсэн утгатай. Шашин амьтанд их тус хийсэн хүнийг Егүзэр гэж нэрлэдэг.
.
-Хутагтыг байгаль орчноо хайрлан хамгаалах тал дээр их юм хийж байсан гэж яригддаг.
-Тэгэлгүй яахав, Хянганы нуруунаас буга авчирч нутагшуулсан нь одоо болтол байж л байна. Нутаг усандаа мод болон олон төрлийн ургамал тарьж, уул усны тахилга сан зохиож, байгаль орчинтой холбогдож хийсэн ажлуудыг нь яривал барагдахгүй биз ээ.
_
-Егүзэр хутагтын нутаг болох Эрдэнэцагаан суманд уул уурхай хөгжиж, үүнийг дагаад байгаль орчинд хор хохирол нэлээдгүй учирч байгаа шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Ер нь монгол орон даяар энэ уул уурхай айхтар их хөнөөл тарьж байна даа. Тэр дундаа манай Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, Эрдэнэцагаан сум гэх мэтчилэн газраар уул уурхай асар их хүчээ авч байгаа. Энэ тухайд би лам хүнийхээ хувьд их харамсдаг. Үүний төлөө би өөрөө ч бас тэмцэж явдаг юм.
Егүзэр хутагтын хойд дүр Отгонбаярын Лувсанчойжин
.
Ж.Мөнхзул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ