Монгол Улсад Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх төслийн хоёр дахь ээлжийн баг ажлаа эхлүүллээ
Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОЙКА)-аас Монгол Улсын Сангийн яамтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэх боломжтой эсэх талаарх судалгааг БНСУ-ын Засгийн газраас 2007 онд тус улсад явуулсан. Уг судалгааны үр дүнд Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан гаргаж, КОЙКА-ийн буцалтгүй тусламжийн хүрээнд төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн өнөөгийн эрх зүйн орчин, дэд бүтцийг харгалзан цахим худалдан авах ажиллагааны сүлжээнд хэрэглэгчийг бүртгэж, баталгаажуулах, барааны электрон каталоги үүсгэх, энэхүү каталогийн тусламжтайгаар цахим дэлгүүрийг ажиллуулах, цахим архивыг хөтлөх, цаашлаад цахим худалдан авах ажиллагааны системийг цогцоор нь нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Төслийн гүйцэтгэгч болох БНСУ-ын "Самсунг СДС" компани болон КОЙКА-ийн төлөөлөгчид цахим худалдан авах ажиллагаа төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор манай улсад 2010 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 5-ны өдрүүдэд ажилласан ба энэ хугацаанд төслийн ерөнхий төлөвлөгөөний талаар хоёр тал харилцан тохиролцсон. Төслийн эхний ээлжийн багийнхан 2010 оны 11 дүгээр сарын 8-наас 26-ны өдрүүдэд ирж ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа Монгол Улсын Засгийн газрын худалдан авах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчныг судалсан. Хоёр дахь ээлжийн төслийн баг 2011 оны 1 дүгээр сарын 9-нөөс 3 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд цахим худалдан авах ажиллагаа төслийн ерөнхий загвар буюу ажлын даалгаварыг эцэслэн боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цахим худалдан авах ажиллагаа төслийг амжилттай хэрэгжүүлснээр Засгийн газрын худалдан авах ажиллагааны тогтолцооны үр ашигтай, шударга, ил тод байдлыг хангах боломжийг бүрдүүлэхээс гадна улсын төсвийг үр ашигтайгаар зарцуулах, түүнд тавигдах хяналтыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. Сангийн яамны Хэвлэлийн төлөөлөгч
СЭТГЭГДЭЛ БИЧИХ