Я.Батсуурь: “Эрдэнэс Тавантолгой” хугацаандаа цалингаа өгч байгаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас өнөөдөр сүүлийн үед үүсээд буй тус компанитай холбоотой асуудлуудын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьтай ярилцлаа.
6
-Өнөөдөр өглөө танай компанийн ажилчид цалингийн асуудлаар жагсаал хийсэн тухай мэдээлэл байна. Энэ талаар тодруулаач?
-Манай компанийн ажилчид жагсаал хийсэн гэж андуу ташаа мэдээлэл гаргасан байна билээ. Манай компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Бид ажилчиддаа цалинг нь тогтсон хугацаандаа өгч байгаа.
Харин жилийн өмнө бид “Хишиг Арвин Индустриал” компанитай нүүрс олборлох чиглэлээр гэрээ байгуулан ажилласан. Энэ жил нүүрсний салбарт хүндрэл үүсч буйтай холбоотойгоор тус компанийн удирдлагуудад үйл ажиллагаагаа зогсоох талаар мэдэгдсэн. Гэсэн хэдий ч олборлолтоо үргэлжлүүлсээр байсан. Тус компанийн олборлосон 1 сая тонн нүүрсийг борлуулж чадалгүй, одоогоор нүүрсний овоолго дээр байгаа.
7
- Тус компанид мөнгийг нь өгөлгүй хэдэн сар болж байгаа вэ. Олборлосон нүүрсийг хэзээ борлуулах вэ?
-Бид “Хишиг Арвин Индустриал” компанид олборлолтын мөнгийг нь дараа сард нь өгдөг. Он гарсаар нүүрсний салбар хүнд байгаа тул 12 сараас хойш төлөх төлбөр саатсан байгаа. Өнгөрсөн жил бид хэд хэдэн компаниудтай нүүрс борлуулах асуудлаар гэрээ байгуулсан тул ойрын хугацаанд овоолгод байгаа нүүрсийг борлуулж, төлөх ёстой 50-60 орчим тэрбум төгрөгөө төлж барагдуулах болно.
6
-“Хишиг-Арвин Индустриал ” компанид үйл ажиллагаагаа зогсоо гэсэн мэдэгдлийг танайхаас өгөөд байхад яагаад олборлолтоо үргэлжлүүлээд байсан юм бол?
-Тус компани нь үйл ажиллагаагаа явуулахын тулд техник тоног төхөөрөмжийн их хэмжээний зээл авсан. Тиймээс алдагдал хүлээхгүйн тулд үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд байсан болов уу. Харин саяхнаас олборлолтоо зогсоогоод байгаа.
6
-Та “Эрдэнэс тавантолгой” компанийн үйд ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэлээ. Одоогийн байдлаар хичнээн тонн нүүрс экспортлоод байна вэ?
-Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ он гарснаас хойш тогтмол унаж байгаа хэдий ч бид үйл ажиллагаагаа тасралтгүй, тогтвортой явуулахыг хичээж байна. Компанийн санхүүд үнийн уналттай холбоотойгоор хүндрэл учирч байгаа ч, манайх бусад компаниудаас хямд зардлаар олборлолт явуулдаг тул энэ хүндрэлээс гарах боломжтой.
2014 оны эхний улиралд бид 853 мянган тонн нүүрс экспортлоод байна. Үүний талаас илүү хувийг нь Чалкогийн өрөнд өгсөн.
6
-Чалкогийн өр хэзээ дуусах вэ?
-Тавантолгойн Зүүн цанхийн уурхайгаас олборлож буй нүүрс тэр чигтээ өрөнд явж байгаа. Одоогийн байдлаар бид Чалкод 130 сая ам.долларын өр үлдээд байна. Үүнийгээ ойрын саруудад барагдуулна.
Харин Баруун цанхийн уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн оны 2 дугаар сараас хойш эхлүүлж, энэ хугацаанд нийтдээ 1.1 сая тонн нүүрс олборлоод байна. Харин он гарсаар 400 гаруй мянган тонныг борлуулсан.
6
-Тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа юу?
-Бид экспортын үйл ажиллагаа эрхэлдэг 30 гаруй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа. Өнгөрсөн жил нүүрс тээвэрлэлт удаашрах бэрхшээл тулгарч байсан бол энэ жилээс зарим нүүрс олборлогч компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон. Үүнтэй холбоотойгоор манай нүүрсийг тээвэрлэх компаниуд нэмэгдсэн. Одоогийн байдлаар манайхаас 400 машин, Хятадын талаас 300 машин тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байна.
6
-Өнгөрсөн жил Ерөнхий сайдын айлчлалын үеэр Хятадтай 20 жилийн хугацаанд 1 тэрбум тонн нүүрс экспортлох гэрээ байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд ямар ажил хийгдэж байгаа вэ?
-Энэ хүрээнд манай компани болон “Энержи ресурс” компани хамтран Хятадын хамгийн том нүүрсний “Шинхуа Энержи”-тай ойрын хугацаанд гурвалсан гэрээ байгуулна. Ингээд угаасан нүүрсээ Хятадад Австралийн нүүрс борлуулдаг газар аваачиж борлуулан, өрсөлдөж үзэхээр төлөвлөөд байна.
“Шинхуа Энержи” компани Ганц модны боомтод өөрийн төмөр замыг байгуулан нүүрсээ тээвэрлэдэг. Харин гурвалсан гэрээний хүрээнд тус компани манай улсын хил хүртэл төмөр замаа сунгаж барихаар болсон. Энэ жилдээ багтаад төмөр зам ашиглалтад орно гэж бидэнд мэдэгдсэн. Ингэснээр нүүрсний зардлыг 5 ам.доллараар хэмнэж, 2 ам.долларт хүргэх боломж бүрдэнэ.
6
-Гэрээний хүрээнд энэ жил хичнээн тонн угаасан нүүрс гаргахаар төлөвлөсөн бэ?
-500 орчим мянган тонн угаасан нүүрс борлуулахаар төлөвлөөд байна. Мөн дээрх гэрээний хүрээнд нүүрсээ түүхийгээр нь ч экспортлоно.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ