
Панамын цэргийн гэмт хэрэгтэн латин америкийн хар тамхины сүлжээг зохион байгуулагч гэгддэг Мануэль Норьега эх орондоо иржээ.
Франц улсад шоронд хоригдож байсан Панамын экс лидерийг нутагт нь ял эдлүүлэхээр тохиролцсоны дагуу ийнхүү өчигдөр Мануэль Норьега нутагтаа ирсэн байна.
Түүнийг хориод жилийн өмнө Мексик, АНУ болон Өмнөд Америкийн орнуудыг хамруулан хар тамхи хууль бусаар наймаалдаг томоохон бүлэглэлийг удирдаж ажилладаг хэмээн буруутгаж АНУ-ын ТТГ-ын оролцоотойгоор төрийн эрхнээс нь хүчээр буулгаж улмаар Майамид хорьж АНУ-ын шүүхээс 21 жилийн ял оноож байлаа.
Үнэн хэрэгтээ Мануэль Норьега нь 1980-аад оны дундуур Төв Америк дахь АНУ-ын гол холбоотон гэгдэж түүний хар тамхи гэх мэт элдэв нууц бизнесүүдийг нь ТТГ-ын оролцоотойгоор ивээн тэтгэж өөгшүүлж байсан гэдэг.
Мөн Норьега нь хүйтэн дайны үед америкийн үзэл санааг шүтэн биширч бүс нутагтаа Фидель Кастро гэх мэт коммунистуудыг үзэн яддаг, америкийн нэрийн хуудас гэгддэг дарангуйлагч байлаа.
Түүнийг Панам улсын дарангуйлагч гэхээс илүүтэй америкийн гадаад бодлогын тоглоомын хүүхэлдэй ч гэж нэрлэдэг. Анх Панамын тагнуулын газрын дарга байхдаа 1983 онд төрийн эргэлт хийж гарч ирсэн нэгэн. Латин америкийн олон олон төрийн эргэлтүүдийн нэгийг тэрбээр хийсэн. Хүйтэн дайн төгсөж коммунист систем задран унасаны дараа Норьега нь АНУ-д хэрэггүй болж эсрэгээрээ элдэв янзын асуудалд орооцолдож, хар тамхины бизнесээ өргөжүүлэх нь хэрээс хэтэрч Карибын тэнгисийг тэр аяар нь хяналтдаа авахыг эрмэлзэх болсон тул америкчууд түүнийг бушуухан төрийн эрхнээс нь буулгахыг хүссэн юм.


Америкчууд өөрсдийн шүдний өвчнөө төрийн эргэлтээр буулгахаас өөр арга байсангүй. Норьега Төв америкийн жижигхэн улс Панамд байр сууриа маш сайн бэхжүүлсэн байсан гэдэг. Америкчууд Норьегагийн сөрөг хүчнийхнийг санхүүжүүлж, хөлсний этгээдүүд хөлслөөд ч түүнийг тийм амар унагаж чадсангүй.
Эцэст нь хар тамхины сүлжээг нь устгахын тулд хэмээн олон улсын тавцанд чимээгүйхэн зарлаад Панам улсад 20000 цэрэг оруулсан.
Ингээд цэргийн тусгай ажиллагааны үеэр америкчууд Норьегаг түлхэн унагаж улмаар баривчлан Флоридад авчирчээ. Төрийн эргэлт хийж гарч ирсэн дарангуйлагч, удирдагчид өөрсдөө төрийн эргэлтээр унадаг олон жишээний нэгэн түүний амьдралыг дайрсан нь энэ.
Панамд хийсэн америкчуудын тусгай ажиллагааны үеэр тус улсын энгийн номхон 200 мянга гаруй иргэд дайн тулааны хөлд амь эрсдсэн нь өдгөөгийн Ирак, Афганистанд амь үрэгдсэн энгийн иргэдийн тоотой эн тэнцэхүйц.
Харамсалтай нь тэр үед АНУ-ын хаяанд орших жижигхэн улсыг өмгөөлж үг хэлэх хүчин байсангүй. ЗХУ задарч, Хятад одооных шигээ нөлөө бүхий болж амжаагүй байсан цаг үе.
Тиймээс Панамд үйлдсэн америкийн түрэмгийлэл тэгсгээд л чимээгүй орхигдсон гэдэг. Цэргийн хүчээр түрэмгийлэн орж төрийн эрх баригчийг нь олзлон авах америкийн гадаад түрэмгий бодлого Панамаас эхэлж Иракаар үргэлжилсэн гэлтэй.
Гэхдээ Норьега ч тийм сайн нэртэй хүн байгаагүй. Латин америк даяар түүнийг америкийн бууны нохой хэмээн нэрлэж цаагуураа Норьегагийн борлуулж буй хар тамхины маркетын байнгын худалдан авагчид болж байлаа.
Норьегад АНУ-ын нутагт нийтдээ 10 тонн хар тамхи оруулсан хэмээн 21 жилийн ял оноожээ. Түүнийг Майамигийн шоронд ялаа эдэлсээр 15 дахь жилтэйгээ золгож 2007 он болоход Францын шүүх нэхэмжиллээ. Мөнгө угааж Францын иргэдийг хохироосон, түүнчлэн тус улсын эрх ашигт халтай үйл ажиллагаа явуулсан тул Франц улс АНУ-аас түүнийг нэхэмжилсэн юм.
Цэргийн олзны хүмүүсийг ял эдэлж дуусмагц аливаа улсад шилжүүлэлгүй шууд эх оронд нь буцаах олон улсын конвенц байдаг боловч АНУ үүнийг харгалзалгүй Франц улсад шилжүүлэн өгсөн байна. Ингээд Норьега АНУ-ын шүүхээс авсан ялынхаа үлдсэн жилүүд дээр Францын шүүхээс дахин 20 жилийн ял авчээ.
Энэ намраас эхлэн Мануэль Норьегаг эх оронд нь ял эдлүүлэх мөн ард түмнийхээ эсрэг гэмт үйл ажилллагаа явуулсан учир нэмж яллах зэрэг үндэслэлээр Панам улс Францаас Норьегаг шилжүүлэн өгөхийг хүсэх болсон.
Энэ хүсэлт хэдэн жилийн өмнөөс л Францын талд ирсээр байсан аж. Харин өнгөрсөн сараас Францын тал Панамын хүсэлтийг зөвшөөрч түүнийг нутагт нь буцааж ял эдлүүлэхээр болсон юм.
Тэрбээр шоронд хоригдох хугацаандаа хоёр ч удаа цус харваж байжээ. Өмгөөлөгч нь түүний биеийн байдал сайнгүй хэмээн мэдэгдэж Парисын шүүхэд давж заалдсан. Нутагт нь түүнийг улстөрийн өрсөлдөгчдийнхөө амь насыг хороосон хэмээн 60 жилийн ял нэгэнтээ хүлээж байсан.
Өнгөрсөн ням гаригт түүнийг Францаас нисэж нутагтаа ирэхэд нь зарим нэгний тооцоолж байсанчлан хүмүүс баатрын ёсоор угтан авсангүй. Панамын засгийн газар ч онц ач холбогдол үзүүлсэнгүй. Түүний шүүхээс сонссон ял нь нийтдээ 120 жил.
Магадгүй түүнийг хэсэг хугацааны дараа төрийн өршөөлд хамруулан суллана хэмээн ажиглагчид бичиж байна. Хийсэн хэрэгтэй, мөн түүндээ тохирсон ялаа амссан ч хүн гэх.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ