Үндсэн Хуулиа “төрүүлсэн” депутатууд цугларлаа
Хэнтий аймгийн удирдлага өнөөдөр тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсынхаа Ардчилсан шинэ Үндсэн Хуулийг батлалцсан, АИХ-ын депутатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тухайн үед тус аймгаас АИХ-д 23 депутат сонгогдож байсан юм. Өдгөө тэднээс тав нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Ерээд онд Монгол улсад анх удаа нэгдлийн өмчийг хувьчилж шуугиан тарьж байсан тэр үеийн нэрээр Дархан сум, нэгдлийн дарга асан Ч.Тэрбиш, хэнээс ч айлгүй хэлэх үгээ хэлчихдэг Цэнхэрмандалын Ц.Ишцэрэн, Галшар сумаас төрсөн Монгол улсын гавъяат эдийн засагч Н.Дэрийлаа, Баянхутагийн Л.Хээшиг, Өмнөдэлгэрийн Л.Баатарсүрэн, тэрчлэн Ц.Даваажид, Ч.Баярсайхан, С.Ганболд, М.Гэрэлсүрэн нарын есөн ахмадууд уулзалтад хүрэлцэн ирсэн байлаа.
Социализмын үед тэд ихэвчлэн сум, нэгдлийн дарга болоод бусад хариуцлагатай албан тушаалд морь нохой мэт зүтгэж явсан тэдний олонхи нь өдгөө “Хөдөлмөрийн хүндэт медаль” ч үгүй хоцорчээ. Хүндэтгэлийн уулзалтын үеэр АИХ-ын депутат асан Ч.Тэрбиш, аймгийн төвдөө Үндсэн Хуулийн нэртэй цэцэрлэг, талбай байгуулах санаачилгыг гаргаж олны дэмжлэг хүлээснээ ярьж аймгийн удирдлага энэ талаар анхааралдаа авахыг хүслээ. Мөн дурсамжийн ном гаргахаар болж эхийг нь Өмнөдэлгэр сум, нэгдлийн даргаар ажиллаж байсан, МСНЭ-ийн гишүүн, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” Л.Баатарсүрэн хариуцаж бэлтгэж эхэлсэн байна.
Арван есөн жилийн өмнө улсынхаа Үндсэн Хуулийг 86 хоног сууж 76 хоног хуралдаж батлалцсан тэд өнгөрсөн дурсамжаа хуваалцаж дурсгалын зураг татуулж аймаг, орон нутгийн хөгжил дэвшилд баярлаж талархаж явдгаа илэрхийллээ.
Б.Адъяахүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ