Гээсэн мөс чанарыг “Хэрээт төгөл”-өөс олохуй

img

Цонхны цаана хэрээнүүд гуаглаж, гадаа, өрөөнд, үзэгчдийн суудалд ер нь хай сайгүй л жихүүн амьсгал мэдрэгдэнэ. Хөлөг онгоц эрхлэх газрын дарга баян эр Баохены зүрх өвдөн, бие нь муудаж, амьдралынхаа эцсийн мөчид хөрөнгө, мөнгөө хэнд өвлүүлэхээ шийдэж ядна.

a

Түүний хажууд хоёр дахь эхнэр залуухан үзэсгэлэнт бүсгүй Анна, өөрийн нууц амраг Камаевын мөрийг дэрлэн уйлан зогсоно. Тэр нөхрийгөө үхэж байгаад баярлаж, басхүү ямар хөрөнгө өвлүүлэх бол гэж эргэлзэж буй нь илт. Харин Баохены анхны эхнэрийн хүү Борис эмч, эцгийнхээ даралтыг үзэх гэж энд тэнд нь гарч гүйнэ. Гэтэл ноён Баохен хэнийг ч таамаглаагүй байсан хүмүүс буюу багийн найз хүн чанарт эр Лоховт машинаа, тэдний хөрш охин сайхан сэтгэлт гэнэн цайлган охин Викторияд мөнгөө үлдээж,  эхнэр Анна болон түүний нууц амраг Камаев нарыг “цус харвуулах” шахна. Тэрбээр эд мөнгөнд нүд нь сохорч, зүс нь харлаж, хэрээ мэт болсон өөрийн ойр дотны хүмүүсээсээ зугтаж хүн чанарт, сайхан сэтгэлт хүмүүсийн гар дээр нүд анихыг хүснэ...

a

Энэ бол 1960 онд Оросын жүжгийн зохиолч А.Вампиловын бичсэн, түүнээс 54 жилийн дараа УГЗ Б.Мөнхдоржийн Монголын тайзнаа найруулан тавьсан  “Хэрээт төгөл” эмгэнэлт, инээдмийн жүжгийн туйл хэсэг. Цаашид хэрхэн өрнөхийг, үйл явдал юунаас эхлэснийг та бүхэн УДЭТ-т саатан үзээрэй. Энэхүү жүжигт эд мөнгө, нэр хүндэд хэтэрхий шунаж амьдарсны эцэст хүнд юу үлдэх вэ, та хуримтлуулсан эд хөрөнгө үхэхийн цагт авсандаа аваад орж чадахгүйгээс хойш,  дайсан чинь болно гэхээс нөхөр тань болохгүй гэдгийг бодитойгоор харуулжээ.

a

Эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө шунаж, хүний мөс чанараа алдаж буй эмгэнэлт явдал өнөөдрийн манай нийгэмд бидний нүдэн дээр оршиж байна. Магадгүй тийм бодол агуулж яваа хэн нэгэн “Хэрээт төгөл”-д саатвал бага ч гэсэн ухаарал авч, гээж буй мөс чанараа эргүүлэн олоход тус болно. Оюун ухаантай гэдэг ганцхан шинжээрээ амьтнаас ялгардаг хүн төрөлхтөн мөс чанараа гээвэл араатнаас дор этгээд болж хувирна. “Эд хөрөнгө, нэр төрийн төлөө битгий хөөцөлдөөрэй. Сэтгэлээ ариун байлгаарай” гэж жүжгийн төгсгөлд гол баатрын захисан үг нэгийг бодогдуулна. Тийм ч учраас Н.В.Гоголийн “Хэн ч юу ч гэлээ гэсэн энэ ертөнцөд ийм явдал болдог л юм даа. Цөөхөн, гэхдээ л болдог юм” гэсэн үгийг жүжгийн эхлэлд шигтгэж өгчээ.

sz

Бидний амьдралд оршиж буй эмгэнэл, эмзэглэлийг чадварлаг уран бүтээлчид  чимх инээдтэй хослуулан хүргэж байсан уг жүжигт гарч буй Аннагийн нууц амрагийн тэнэг үг, үйлдэл, Баохены гаргасан салаавч, Лоховын жижиг шилтэй архинаас балгаад гутлын түрүүндээ хийж буй байдал, түргэний эмчээс өвчтөнийг нуухдаа орны доогуур шидэж байгааг хараад үзэгчид баясан инээлдэж байв. Гэхдээ уг жүжгийн гол дүрүүдийн энэ үйлдлүүд инээд бус эмгэнэл баймаар дүр зургийг үзэгчид хүлээн зөвшөөрч, амьдралд тохиодог жирийн нэг үйлдэл мэт түүндээ дэндүү дасчихсан юм биш биз дээ гэсэн эмзэглэл төрснөө нуух юун.

\

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yooyo:
yooostoi teneg jujigee . haltaruud. hairan tsag mungu bla gej.
2014-05-10